Эмнэлгийн хог хаягдлыг халдваргүйтгэх тоног төхөөрөмжийг ЭХЭМҮТ, ЗӨСҮТ-д нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-12-04 11:19:22

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны захиалгаар НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэг, АНУ-ын ЭСЯ-ны Олон улсын хөгжлийн агентлагийн хөрөнгө оруулалтаар “Эмнэлгийн хог хаягдлыг устгаж, халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж”-ийг нийлүүлж, эхнээсээ ашиглалтад оруулаад байна. 


ЭХЭМҮТ уг төхөөрөмжийг ашиглалтад оруулан үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бөгөөд тус үйл ажиллагаатай Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуаси Комлан, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа болон бусад эмч, мэргэжилтнүүд, албаныхан оролцсон юм.


Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд хэлэхдээ, “Өмнө нь эмнэлгийн хог хаягдлыг газарт булах, шатаах зэргээр устгадаг байсан. Энэ нь эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлаар дамжин халдвар тархах, байгаль орчинд эрсдэл их учруулдаг. Коронавируст цар тахлын үед эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлын хэмжээ хоёр дахин нэмэгдсэн. Үүнийгээ дагаад байгаль орчинд учруулж буй хор хөнөөл их байгаа нь мөн нотлогдсон. Тиймээс Засгийн газраас эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор хэд хэдэн ажлыг хийсэн. Үүний нэг нь ЭМЯ-наас НҮБ-ын Хүүхдийн санд хүсэлт тавьснаар донор байгууллагуудын дэмжлэгтэй 12.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах, халдвараас сэргийлэх, хянах тогтолцоог бэхжүүлэх, аюултай хог хаягдлыг халдваргүйтгэх таван төрлийн 51 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байна. Ингэснээр эмнэлгийн хог хаягдлыг устгах тал дээр маш том ахиц гарч байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд 15 аймгийн Зоонозын өвчин судлалын төв, 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, лавлагаа шатлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг болон амаржих газрууд аюултай хог хаягдлыг халдваргүйтгэх тоног төхөөрөмжтэй боллоо. Тус тоног төхөөрөмжийн тусламжтай эмнэлгийн аюултай хог хаягдлыг дулааны технологиор энгийн хог хаягдал болгох юм. Цаашид бид эмнэлгийн хог хаягдлыг аюулгүй устгадаг үйлдвэртэй болох зорилт тавин ажиллаж байна. Энэхүү төслийн хэрэгжүүлэхэд хамтран ажилласан НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын ЭСЯ-ны Олон улсын хөгжлийн агентлаг болон бүх байгууллагуудад талархал илэрхийлье” гэв. 


НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуаси Комлан: Монгол Улсын хувьд эмнэлгийн хог хаягдлыг устгах менежмент нь сайн хэдий ч засаж сайжруулах зүйлс байсан. Хог хаягдлын төхөөрөмж сайн ажилладаггүйгээс гадна стандартад нийцээгүй байсан. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сангаас эмнэлгийн хог хаягдлын менежментийг сайжруулах, ялангуяа хөдөө орон нутгийн эмнэлгийн хог хаягдлыг аюулгүй устгалд оруулах зорилгоор уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн. 

ЭХЭМҮТ-ийн Тархвар судлаач эмч М.Уранчимэг: ЭХЭМҮТ-д эмнэлгийн гаралтай аюултай хог хаягдлыг халдваргүйтгэх төхөөрөмжийг 11 дүгээр сард суурилуулж, туршилтын үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Уг төхөөрөмжийн тусламжтай эмнэлгийн гаралтай аюултай хог хаягдлыг өндөр хэмээр халдваргүйтгэж байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн болгон хувиргаж байна. Ингэснээр байгаль орчинд үүсэх сөрөг нөлөө буурахаас гадна эмнэлгийн байгууллагын ажилчид халдвар авахаас сэргийлэх юм. Устгалд оруулсан аюултай бүтээгдэхүүнийг өндөр хэмд тэсвэртэй нянгийн өсгөврөөр хянах үйл ажиллагааг мөн хийж байна. Өмнө нь эмнэлгийн аюултай хог хаягдлыг ангилаад тухайн эмнэлгийн хог хаягдлын цэг дээр бөөгнүүлж байгаад Элемент компанид нийлүүлэн устгадаг байсан бол одоо уг төхөөрөмжийн тусламжтай эмнэлгийн хог хаягдал биологийн аюулгүй хог хаягдал болох, овор хэмжээний хувьд ч багасна. 


Түүнчлэн уг тоног төхөөрөмжийг Зооноз өвчин судлалын үндэсний төв болон 15 аймагт гардуулав.  Энэ үеэр ЗӨСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Цогбадрах хэлэхдээ, “Халдварт өвчнөөр өвчилж үхсэн мал, амьтныг өмнө нь мал эмнэлгийн байгууллагатай хамтран булах аргаар устгадаг байсан. Одоо энэхүү тоног төхөөрөмжийн тусламжтай лабораторид шинжилгээнд ирж байгаа биологийн аюулт бүтээгдэхүүнийг халдваргүйтгээд устгах боломжтой болсон. Ингэснээр биологийн аюултай сорьц бүтээгдэхүүнтэй харьцдаг манай байгууллагын ажилтнууд халдварт өртөхөөс сэргийлэх, байгальд ээлтэй буюу олон жил байгальд хадгалагддаг нян бактерийн халдвар дахин гарах эрсдэлгүй болсон. Үүнээс гадна устгалд оруулсан бүтээгдэхүүний овор хэмжээ ч багасах юм. Уг төслийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлсэн НҮБ-ын Хүүхдийн сан, Азийн хөгжлийн банкны Японы сан зэрэг байгууллагад талархал илэрхийлье” хэмээсэн юм. 




Related news