Олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх “Яс, булчингийн эрүүл мэнд” хурал боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-12 12:01:38

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монголын яс, булчин, үе судлалын “Наран” нийгэмлэг, АШУҮИС-ийн Эрдмийн сургууль, ГССҮТ, ЭХЭМҮТ, “Сүү” хувьцаат компани хамтран “Яс, булчингийн эрүүл мэнд-2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Холидэй Инн” зочид буудалд зохион байгууллаа.


Монгол Улсад ясны сийрэгжилт, яс хугарал өсөх хандлагатай байгаа бөгөөд өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол, судалгаа, оношлогоо, эмчилгээний боломж харьцангуй хомс байгаа юм. Тиймээс олон улсын туршлага, шинэлэг арга зүй, эмчилгээний чиг хандлагыг нэвтрүүлэх зорилгоор энэхүү хурал зохион байгуулж байгаа аж. Уг хуралд ДЭМБ, Ази номхон далайн ясны сийрэгжилтийн консорциум, Европын яс, үе мөчний нийгэмлэгийн зөвлөх хороо зэрэг мэргэжлийн томоохон байгууллагуудын төлөөлөл, Монгол Улсын нэр хүндтэй эрдэмтэн, судлаачид оролцон ясны сийрэгжилт, хугарал, булчингийн өвчлөл, хоол тэжээл, хөдөлгөөний ач холбогдол зэрэг Монгол төдийгүй дэлхий нийтийн тулгамдсан сэдвийг хөндөн хэлэлцсэн юм.


Тодруулбал, “Сүү, сүүн бүтээгдэхүүн ба ясны эрүүл мэнд”, “Чихрийн шижин ба ясны хугарлын хамаарал”, “Идэвхтэй хөдөлгөөн ба саркопени”, “Ясны сийрэгжилтийн эмчилгээний хоцрогдлыг арилгах нь”, “Цагаан идээний хэрэглээ ба ясны сийрэгжилтийн хамаарал”, “Монгол Улсын 40-өөс дээш насны хүн амын ясны хугарлын эрсдлийг FRAX хэрэгслээр тооцоолсон судалгаа”, “Чихрийн шижинтэй иргэдийн ясны сийрэгжилтийн талаарх мэдлэгийг үнэлсэн нь”, “Ясны бороололтод шинэлэг бэлдмэлийн нөлөө” зэрэг сэдвээр илтгэл тавьсан юм.


Ингэснээр жил бүр мянга, мянган иргэн явганаас унаж бэртэх, ясны сийрэгжилттэй болох эрсдэл багасаж, урьдчилан сэргийлэх боломжтойгоос гадна олон улстай хөл нийлүүлэн энэ төрлийн судалгаа шинжилгээг өргөжүүлэх, эмчилгээг Монгол Улсад нутагшуулах боломж бүрдэж байгаа юм. Монгол Улсад анх удаа зохион байгуулсан “Яс, булчингийн эрүүл мэнд-2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр “Сүү” хувьцаат компани ажиллаж, монгол хүний яс, булчингийн эрүүл мэндийг олон улсын анхааралд оруулж байгаа нь энэ.






Хэн, юу хэлэв


АШУҮИС-ийн Урьдчилан сэргийлэх анагаах ухааны танхимын профессор  Д.Амарсайхан: Дэлхийн ясны сийрэгжилтийн нийгэмлэгийн олон улсын төлөөлөгчид АШУҮИС, хүнсний ууган үйлдвэр “Сүү” хувьцаат компанитай хамтран энэхүү хурлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн хурлыг “Хүчирхэг яс-Хүчирхэг эко систем” уриан дор хийж буйгаараа онцлогтой. Өнөөдөр дэлхий нийтэд тохиолдож буй өвчлөлийн нэг нь яс хугарал болсон. Монголчууд яс хугарах, хэврэгших гэсэн ойлголтыг хооронд нь хольдог. Манай улсад ясны сийрэгжилтийн судалгааг маш бага хийсэн. Тиймээс өнөөдрийн хурлын зорилго нь хүчирхэг ястай байхын тулд яах ёстой вэ, бидний хэрэглэж буй хүнстэй хэрхэн уялдаж байна вэ гэдгийг хэлэлцэнэ. Бид өнөөдөр гэмтлийн тоо баримт л хэлж байгаа болохоос сийрэгжилтийн тоо баримт маш хомс байна. Тэр үүднээс ясны хугаралд хүргэж буй асуудлыг зайлшгүй судлах нөхцөл үүслээ. Дэлхий дээр 55 сая орчим хүн ясны сийрэгжилтээс болж хугаралттай болж байна гэсэн тоо баримт бий. Манай улсад ч 2020 оноос хойш тогмтол өссөн үзүүлэлт гарсан. Хамгийн гол нь хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг олон улсын туршлагыг судлаж, суралцах гэж дэлхийн мэргэжилтнүүдийг эх орондоо урьж, өнөөдрийн хурлыг хийж байгаа юм. Энэ ташрамд, санхүү болон бусад зүйлээр тусалж дэмжсэн “Сүү” хувьцаат компани, “Монконди” компанид талархал илэрхийлье.


АШУҮИС-ийн дэд профессор Ц.Билэгтсайхан: Яс, булчингийн эрүүл мэнд гэдэг нь өөрөө халдварт бус өвчин. Ялангуяа өндөр настнуудад ясны сийрэгжилт, хугарал үүсгэдэг сэдвийн хүрээнд олон улсын эрдэмтэд сайн туршлагаа солилцох зорилгоор энэ хурлыг зохион байгуулж байна. Манай улс хоёр жилийн өмнө Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг баталсан. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд энэхүү хурлын зорилго нийцэж байна. Түүнчлэн АШУҮИС маань судалгаа, эрдэм шинжилгээ, эмнэлзүйн тусламж үйлчилгээгээр тэргүүлэгч олон жилийн түүхтэй байгууллага юм. Манай судлаачдын гаргаж буй бүтээлүүд Монголын их, дээд сургуулиуд дунд тэргүүлж байна. Тиймээс “Яс, булчингийн эрүүл мэнд-2025” хурал маань судалгаатай, нотолгоотой шийдвэр гаргах, олон улсын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Өнөөдрийн хурлыг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэгийг бодитоор үзүүлсэн “Сүү” хувьцаат компанийн хамт олондоо баярлалаа. Энэ компанийн үйлдвэрлэж буй эрдэс, витаминаар баяжуулсан сүү нь ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх бололцоог олгож байна.


“Сүү” хувьцаат компанийн Борлуулалт, маркетинг хариуцсан дэд захирал Г.Пэлжидмаа: Бидний оролцоо бол өдөр бүр сүү уухыг уриалж байгаа юм. Яагаад гэвэл ясны сийрэгжилт, булчингийн алдагдал монголчуудад түгээмэл болсныг эрдэмтэд ярьж байна. Тэгвэл үүнээс урьдчилан сэргийлэх гол арга зам нь өдөр тутмын хоол хүнс, шим тэжээл, сүүгээр дамжуулан кальци, эрдэст бодисоо авах боломжтой. Гэтэл монголчуудын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмжөөс 2-3 дахин бага гэсэн судалгаа гарсан. Тиймээс сүүгээ өдөр бүр уугаарай. Яс, булчингийн алдагдлаас сэргийлэх шим тэжээлээ өдөр тутмын хоол хүнсээрээ дамжуулж аваарай гэдгийг уриалъя. Манай компани “Сүү 365” кампанит ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна. Энэ нь яс, булчингийн хөгжил сайтай эрүүл, чийрэг Монголын ирээдүйг бий болгох зорилготой хөтөлбөр юм. Тиймээс эрдэмтэд, эмч нартайгаа нэг зорилгын дор нэгдэн өнөөдрийн хуралд ивээн тэтгэгч, хамтрагчаар оролцож байна. 





Related news