ӨМНӨГОВЬ: Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг 87,9 хувьтай хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-11-17 14:34:07

Даланзадгад, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд намаржилт тааруу, нийт бэлчээрийн 5 хувь нь өвстэй, 55 хувь нь дунд зэрэг, 40 хувьд нь гантай, 6584 малчин өрхөд 2,6 сая толгой малын тарга хүчийг нэмэгдүүлэхээр отор нүүдэлтэй байна.


 

Энэ өвөл аймгийн хэмжээнд 2,2 сая толгой мал өвөлжих урьдчилсан төлөвтэй, 240 гаруй мянган толгой малыг зах зээлийн эргэлтэд оруулж, 239 мянган толгой малыг хүнсэнд хэрэгцээлэх урьдчилсан судалгааг Өмнөговь аймгийн ХХААГ-аас гаргажээ.

 

Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг Өмнөговь аймгийн хэмжээнд зохион байгуулах Засаг даргын 03 тоот албан даалгавар гарч ажлын баг байгуулан, мал аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байна.

 

Өмнөговь аймаг мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг 87,9 хувьтай хангажээ.


Аймгийн хэмжээнд 2,2 сая толгой мал өвөлжихөөс 644,7 мянган толгой мал отроор өвөлжинө. Бэлчээрийн хүрэлцээ хангамж 35,3 хувьтай бусад аймгийн нутагт 495 өрхийн 221,9 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумаар 400 өрхийн 134,1 мянган толгой мал, хилийн зурваст 140 өрхийн 60,4 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 637 өрхийн 228,3 мянган толгой мал, нийт малчин өрхийн 25,4 хувь нь отроор өвөлжиж байна.

 



Ашиглахад бэлэн бэлчээрийн уст цэг 5309 буюу нийт уст цэгийн 92 хувь, усаар хангагдсан өрхийн тоо 5485 буюу нийт малчин өрхийн 83,3 хувь нь бүрэн хангагдаж, улсын төсвийн 98,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар отрын бүсэд 3 инженерийн хийцтэй худаг шинээр нэмж гаргажээ.

 

Мөн орон нутгийн төсвийн 3,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 115 инженерийн хийцтэй худаг шинээр гаргаж, 80 гаруй хувиас дээш гүйцэтгэлтэй байна.

 

Бэлчээрийн даацын хувьд өвөл, хаврын бэлчээрийн нөөцтэй 2 хувь, бэлчээр хүрэлцээтэй 8 хувь, 80 гаруй хувь нь даац хэтэрсэн.

 

Сум, багийн дүнгээр нь авч үзвэл Цогт-Овоо сумын нийт нутгаар, Булган сумын Дал баг, Ханхонгор сумын Жаргалант, Хондот баг, Цогтцэций сумын Билгэх баг, Манлай сумын Өгөөмөр багийн нутгаар бэлчээр хүрэлцээтэй.



 

Гурвантэс, Ноён, Сэврэй, Баяндалай сумын нийт нутаг, Хүрмэн сумын Тулга баг, Булган, Даланзадгад сумын төв хэсгээр, Номгон сумын зүүн хэсгээр буюу Эмгэнбулаг, Богт баг, Баян-Овоо сумын хойд хэсэг болох Налих, Могой баг, Манлай сумын Жаргалант баг, Ханбогд сумын хойд хэсгээр буюу Гавилууд, Баян багийн нутгаар бэлчээрийн даац хэд дахин хэтэрчээ.

 

Харин Булган сумын Дэн баг, Мандал-Овоо сумын Мандал баг, Хүрмэн сумын Хүрмэн баг, Номгон сумын Хармагтай баг, Баян-Овоо сумын Харзаг баг, Ханбогд сумын Номгон багийн нутгаар 3-5 дахин, бусад нутгаар 1-3 дахин хэтэрч бэлчээр хүрэлцэхгүй хэмжээнд байна.



 

Орон нутгийн төсвийн 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвс, тэжээл бэлтгэхэд зориулж 76000 боодол буюу 1520 тонн өвс, 18000 шуудай буюу 450 тонн тэжээл татан нөөцлөхөөр худалдан авах ажиллагаа зохион байгуулан гэрээ хийж, сумын нөөцийн өвс, тэжээлийн 50 гаруй хувийг нь татан төвлөрүүлээд байна.


 

Related news