НҮБ-ын тусгай илтгэгчийн баг орон нутагт ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2023-11-08 14:18:06

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Хүний эрхийн Үндэсний комисс (ХЭҮК)-ын удирдлага манай улсад ажиллаж буй Шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал эрхэлсэн НҮБ-ын тусгай илтгэгч Маргарет Саттертуэйт тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.


НҮБ-ын тусгай илтгэгчийн Монгол Улс дахь ажлын айлчлал нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хорооны бүтэц, бүрэлдэхүүнд орсон өөрчлөлт болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ыг боловсруулж, УИХ-д өргөн барьсан чухал цаг үетэй давхцаж байгааг ХЭҮК-ын дарга Ж.Хунан онцлон хэллээ.


Тусгай илтгэгч Маргарет Л.Саттертуэйт тэргүүтэй төлөөлөгчдийн багт НҮБ-ын шүүгч, хуульчийн бие даасан байдал хариуцсан тусгай илтгэгчийн хуулийн зөвлөх Катарина Сыдоу, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын ажлын албаны Тусгай процедурын хүний эрхийн ажилтан Мэлание Сантизо нар орж байна.


Төлөөлөгчдийн бүрэлдэхүүн ажлын айлчлалын явцад шүүх засаглал, прокурорын бие даасан, шударга байдал, мөн хууль эрх зүйн мэргэжлийн үйл ажиллагааг хараат бусаар хэрэгжүүлэхэд төр, засгийн зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд үнэлгээ дүгнэлт хийх аж. Энэ талаар арваннэгдүгээр сарын 15-нд НҮБ-ын суурин төлөөлөгчийн байранд мэдээлэх юм байна.


Төлөөлөгчид ажлын айлчлалын хүрээнд УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчид, шүүгч, прокурор, хуульчид, түүнчлэн НҮБ-ын агентлагууд, иргэний нийгмийн, эрдэм шинжилгээний, олон улсын болон дипломат байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Related news