АРХАНГАЙ: Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг 85.7 хувиар хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-11-07 15:43:52

Эрдэнэбулган, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах тухай Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 279 дүгээр тогтоол, Ерөнхий сайдын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр албан даалгаврын дагуу гарсан аймгийн Засаг даргын А/516 дугаар захирамж, 07 тоот албан даалгаврыг сум, байгууллагын удирдлагуудад хүргүүлэн заавар чиглэл өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

 

Аймгийн Засаг даргын А/602 дүгээр захирамжаар байгуулагдсан гурван ажлын баг, удирдамжийн дагуу 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд 3 чиглэлд сумдын хөдөө аж ахуйн салбарын болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зөвлөмж чиглэл өгч ажилласан байна.


Малчдын өвс, тэжээл бэлтгэл 108,9 хувь, аймгийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэх бөгөөд нийт 128 сая төгрөгөөр худалдан авах ажиллагаа явж байна. Сумдын аюулгүйн нөөц бэлтгэл 43,7 хувь, аймгийн хэмжээнд худгийн ашиглалт 88,2 хувь, бэлчээрийн усан хангамж 98,4 хувь, малчин өрхийн хашаа, бууцны хангамж 94,8 хувь, малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл 91,1 хувь буюу аймгийн дүнгээр мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг 85,7 хувиар хангаад байна.

 

Малчдын түвшинд 80 мянган тн өвс, 1300 тн гар тэжээл бэлтгэхээс өнөөдрийн байдлаар 72.8 мянган тн өвс, 6,3 мянган тн ногоон тэжээл, 25 тн үйлдвэрийн тэжээл, 1295 тн гар тэжээл, 2723 тн хужир шүү бэлтгэн хадлан бэлтгэл 108,9 хувьтай байна.

 

Өндөр-Улаан, Булган, Цэнхэр сум хамгийн их буюу 119-258 хүртэл хувиар өвс, тэжээлийг малчдын түвшинд бэлтгэсэн бол Цахир, Хангай суманд 40-44 хувиар буюу хамгийн бага хадлан тэжээл бэлтгэжээ.

 

Аймаг, сумын аюулгүйн нөөцөд 1100 тн өвс, 620 тн гар тэжээл бэлтгэхээс сумдын аюулгүйн нөөцөд 439,5 тн өвс, 235 тн  тэжээл, 25 тн хужир шүү бэлтгэн сумдын аюулгүй нөөц 43,7 орчим хувьтай байна. Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Тариат сум аюулгүйн нөөцөө хамгийн өндөр буюу 83-129 хувиар бэлтгэсэн бол Ихтамир, Өгийнуур, Хотонт, Цэнхэр, Төвшрүүлэх суманд өвс, тэжээл худалдан авах гэрээ, хэлцэл хийсэн боловч одоогоор татан авалт хийж буулгаагүй байна. 

Related news