АРХАНГАЙ: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран цэвэр ус түгээх байр, ариун цэврийн байгууламжийг сайжруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын санхүүжилттэй НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлэх төсөлд хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Уг төсөл нь хөдөөгийн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвийн ариун цэврийн байгууламжийн өргөтгөл, тохижилт, бага оврын цэвэрлэх байгууламж байгуулах, ус түгээх байрыг ухаалаг төхөөрөмжөөр хангах, нарны эрчим хүчний системийг суурилуулах зэрэг ажлыг төлөвлөн аймаг, сумын төсөвтэй хамтран хэрэгжүүлэх юм.
Төслийн хүрээнд эхний ээлжид Эрдэнэбулган суманд шинээр барьж байгаа ус түгээх байранд нарны эрчим хүчний системийг суулгаж, ойр орчныг нь тохижуулахаар шийдвэрлэсэн байна.
Ирэх жилүүдэд тус сумын ус түгээх байруудад
нарны систем суурилуулах, ухаалаг төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах ажлыг хийхээр
төлөвлөжээ.