БАЯН-ӨЛГИЙ: Согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг сургалтад хамруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-10-26 15:45:49

Өлгий, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/04 дүгээр тушаалаар баталсан “Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын журам”-д согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан нь зохих сургалтад хамрагдсан байхаар заасан.


Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон дээрх журмын хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, “Жолоочийн чадамжийн төв” төрийн бус байгууллага хамтран энэ сарын 25-ны өдөр тус аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжүүдийн 50 гаруй ажилтанд сургалт хийлээ.


МУБИС-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Багшийн сургуулийн хурлын танхимд болсон уг сургалтаар холбогдох хууль тогтоомжууд, үйлчлүүлэгчийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс урьдчилан сэргийлэх, согтууруулах ундааны нийгэм болон хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, насанд хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үйлчлүүлэгчдэд согтууруулах ундаагаар үйлчлэхээс зайлсхийх арга барилын талаар мэдээлэл өглөө.


Баян-Өлгий аймагт өнөөдрийн байдлаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшдэг 370 иргэн, аж ахуйн нэгж байгаа. Цаашид тодорхой хуваарийн дагуу аймгийн төв, хөдөө сумдад ажиллаж, дээрх бүх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг сургалтад хамруулах ажээ. 

Related news