БАЯН-ӨЛГИЙ: 2024-2028 онд хэрэгжүүлэх ан агнуурын менежментийн төлөвлөгөөтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-10-17 16:37:15

Өлгий, 2023 оны 10 дугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын энэ сарын 16-ны өдөр болсон ээлжит XVII хуралдаанаар тус аймгийн 2024-2028 онд хэрэгжүүлэх ан агнуурын менежментийн төлөвлөгөөг баталлаа.


Тус менежментийн төлөвлөгөөг агнуурын зүйлүүд даацтайгаар зохицон өсөж, үржих нөхцөлийг хангах, амьдрах орчныг нь хадгалан хамгаалах зорилготой ба аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сумдын удирдлага, нутгийн иргэдийн нөхөрлөлүүдийн оролцоогоор "Агнуур судлалын нийгэмлэг" төрийн бус байгууллага боловсруулсан байна.


Менежментийн төлөвлөгөөний дагуу 2024-2028 онд:

-Иргэдийн Байгаль орчны хуулийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, хуулийн хэрэгжилтийг орон нутгийн захиргаа, иргэд, нөхөрлөлүүдтэй хамтран сайжруулах;

-Хяналт шалгалт, мониторингийн ажлыг сайжруулах;

-Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, бэлчээрийн менежментийг сайжруулахад чиглэсэн ажлуудыг зохион байгуулна. 


Ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд 283 сая төгрөг шаардлагатай. Тухайн санхүүжилтийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд заасны дагуу тусгай зориулалтаар агнасан, барьсан ан амьтны төлбөрийн орлого, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын хандив тусламж зэргээс бүрдүүлэхээр тооцжээ.


Тус төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлснээр орон нутгийн байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, төр, иргэд, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, нутгийн иргэдэд түшиглэж байгалийн нөөцийг хамгаалах, үр өгөөжтэй ашиглах боломж бүрдэнэ гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна. 

Related news