БАЯН-ӨЛГИЙ: Хотон, Хурган нуурын хоолойн гүүрийг энэ сард ашиглалтад өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-10-16 15:20:49

Өлгий, 2023 оны 10 дугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутгаар өнгөрсөн зургаадугаар сард цаг агаарын хэт халалтын улмаас голуудын усны түвшин эрс нэмэгдэж, 7 модон гүүр, 1 төмөр бетон гүүр эвдэрсэн.


Тэдний дотор тус аймгийн аялал жуулчлалын гол бүс нутгуудын нэг болох Хотон, Хурган нуурын хоолойн гүүрний зорчих хэсэг цөмөрч усанд урссан. Үүний улмаас Хотон, Хурган нуур, Бага Түргэний хүрхрээг зорих гадаад, дотоодын аялагчид болон энэ нутагт зусдаг Цэнгэл сумын 5 дугаар багийн иргэдэд хүндрэл учраад байлаа.


Үүсээд буй асуудлыг орон нутгийн удирдлага, тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Улсын Онцгой комисс, Засгийн газарт танилцуулж, долоодугаар сарын 26-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар эвдэрч сүйдсэн тус гүүрийг шинээр барих шийдвэр гаргасан. Тус ажилд зориулж Засгийн газрын нөөц сангаас 545,6 сая төгрөг хуваарилсан аж.


Гүүрийн барилгын ажлыг орон нутгийн "Асгант кент" компани гүйцэтгэж байгаа. Өнөөдрийн байдлаар төмөр тулгуур, дам нуруутай, модон хучилттай шинэ гүүрний барилгын ажил 80 хувьтай байна. Төлөвлөгөөний дагуу гүүрийг энэ сарын 25-наас өмнө барьж дуусган ашиглалтад өгөхөөр ажиллаж байна гэж компанийн төлөөлөл хэлэв. 

Related news