БАЯН-ӨЛГИЙ: Б.Нямбаяр: Бүргэдчин гэж хэнийг хэлэх вэ гэсэн томьёоллоо гаргах хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-10-02 13:13:49

Өлгий, 2023 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвөөс "Монгол орны цармын бүргэдийн судалгаа, өв соёл ба хамгаалал төсөл" хэрэгжүүлээд 3 жил болж байгаа. Төвийн хамт олон өнгөрсөн амралтын өдрүүдэд Баян-Өлгий аймагт болсон 24 дэх удаагийн "Бүргэдийн баяр"-ын үеэр төслийн явц, үр дүнгийн талаар орон нутгийн иргэд, гадаад, дотоодын жуулчдад танилцуулга хийсэн. Энэ үеэр Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн гүйцэтгэх захирал, доктор Б.Нямбаяртай уулзаж ярилцлаа.


-үргэдийн баяр" аялал жуулчлалын үйл ажиллагааны хүрээнд танай байгууллагаас ямар ажлууд зохион байгуулж байгаа вэ?

- Төслийн үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлууд, бүргэдчидтэй хэрхэн ажиллах талаар сургалт, сурталчилгааны ажил хийгээд явж байна. Бүргэдийн баярт оролцох бүх бүргэд бөгжтэй байх шаардлага тавигдаж эхэлсэн. Тийм учраас үйл ажиллагаанд оролцож байгаа бүх бүргэдэд бөгж зүүж бүртгэлжүүлэх ажлыг хийлээ. Түүнээс гадна өмнөх онд хамтран ажилласан бүргэдчидтэйгээ уулзаад, ажлын үр дүнгээ танилцуулаад явж байна.

 

-Судалгааны үр дүнгээс бидэнд товч мэдээлэл өгөхгүй юу?

-Судалгааны байдлаас харахад Баян-Өлгий аймгийн хэмжээнд цармын бүргэдийн популяцын тоо толгой харилцан адилгүй байна. Мөн популяцын хэлбэлзэл их биш байгаа. Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар популяц нь өссөн, буурсан зүйл харагдахгүй байна. Ер нь Баян-Өлгий аймагт цармын бүргэдийн судалгаа хийнэ гэдэг нь маш хэцүү ажил. Учир нь өндөрлөг уултай, зам харгуй муутай. Тийм учраас энэ судалгааг хийх явцад бүргэдчидтэй хамтарч ажиллаж байгаа. Энэ боломжийг ашиглаад бидэнтэй хамтран ажиллаж байгаа бүх бүргэдчиддээ баярласан талархсанаа илэрхийлмээр байна.

 

-Хэдэн жилийн өмнө байгальд буцаан тавьсан бүргэдүүдэд дохио дамжуулдаг зүүлт зүүгээд явуулж байсан. Тус ажлын үр дүн ямар болсон бэ?

-Бид бүргэдчдийн байгальд буцаан тавьсан цөөн хэдэн бүргэдэд дамжуулагч зүүж нүүдэл, шилжих хөдөлгөөнийг нь судалж байгаа. Үүний ачаар зарим бүргэд БНХАУ-ын ШУӨЗО, Төвөдийн өндөрлөгийн хойд хэсгээр очиж байгааг нь тогтоосон. Түүнээс гадна залуу бүргэдүүд хавар буцаж ирээд зөвхөн Баян-Өлгий аймгийн нутагт голдуу идэш тэжээл хайж бэлчдэг юм байна гэдгийг тогтоосон. Бидний барьж байгаа залуу шувууд маань Монголдоо төрж бойжсон шувууд байх өндөр магадлалтай. Залуу шувууд бие гүйцтэлээ 3-4 жил болдог. Тийм учраас судлаач нар олон жил насалдаг, үржлийн нас хүртэл 3-4 жил болдог том шувуудыг болж өгвөл үржилд орох нас нь дөхөөд ирэхээр нь байгальд буцааж тавьж байх хэрэгтэй гэж үздэг. Тэгж байж байгаль дээр байгаа популяц нь хэвийн хадгалагдаад бүргэдчид байнга бүргэдтэй байх юм. Эм бүргэдийг буцааж тавихгүйгээр хэт удаан байлгаад байвал зэрлэг популяц муудах эрсдэлтэй. Судалгааны ажлын хүрээнд бид энэ чиглэлийн мэдээллүүдийг цуглуулж байгаа. Үр дүн гарахад дор хаяж 3-4 жилийн мэдээлэл шаардлагатай.

 

-Баян-Өлгий аймгийн бүргэдчид бүргэдээ хэдэн насандаа байгаль дээр буцаан тавьж байна?

-Байгальд буцаан тавьж байгаа насны хэлбэлзэл маш өндөр байгаа. Бүргэдээ 3-4 жил тэжээгээд буцаан тавьж байгаа хүн маш цөөхөн, 7-8 жил байлгаад тавьж байгаа нь нэлээн байна. Өөрөөр хэлбэл, ихэнх бүргэдчин бүргэдээ 8-9 настайд нь байгальд буцаан тавиад байгаа. Тийм учраас бүргэдчдийн холбоод гишүүддээ уг асуудлыг сайтар ойлгуулах шаардлагатай. Шинээр барьсан залуу бүргэдээ үржлийн насанд нь буцаагаад тавьж, үржлийг нь тэтгээд байвал олон бүргэдтэй байна шүү дээ. Бид Алтанцөгц сумынхантай хамтраад жил бүрийн наймдугаар сард Бүргэдийг байгальд буцаан тавих ёслол гээд бүргэдийн баярын нэг төрлийг хийгээд эхэлсэн. Энэ ажил бүргэдчид бүргэдээ зохих хугацаанд нь байгальд буцаагаад тавьж байгаасай гэсэн сурталчилгаа болох юм.

 

-Танай байгууллага өнгөрсөн онд Баян-Өлгий аймгийн бүргэдчдийн тооллого явуулсан гэж сонссон. Тооллогын үр дүнг бидэнтэй хуваалцахгүй юу.

-Баян-Өлгий аймгийн бүргэдчдийн тоог гаргах хэд хэдэн оролдлого хийлээ. Харамсалтай нь бидний гаргасан тоонуудын хэлбэлзэл өндөр гараад байгаа. Бүргэдчин гэж хэнийг хэлэх вэ гэсэн томьёолол, тодорхойлолт гаргах хэрэгтэй. Зарим хүн өнөөдөр бүргэдгүй байж болно. Гэхдээ удам дамжаад, амьдралын нэг хэсэгт нь бүргэд тэжээж ан хийсэн хүн бол бүргэдчинд тооцогдох ёстой байдаг. Нас өндөр болоод бүргэд тэжээхээ байсан хүмүүс бас байгаа. Мөн өөрийн гэсэн бүргэдгүй мөртлөө аав, ах, өвөөгийнхөө бүргэдээр ан хийж сурч байгаа залуучууд бас байна. Гэтэл одоо бидэнд зөвхөн бүргэдтэй хүмүүсийн бүртгэл байгаад байдаг. Одоо манайд ийм 138 хүн бүртгэлтэй. Тийм учраас бүргэдчин гэж хэнийг хэлэх вэ гэсэн тодорхойлолтоо бүргэдчидтэй сайн ярилцаж байж гаргачихвал бүргэдчдийн тоо ч тодорхой болно. Одоогоор бүргэдтэй болон бүргэдгүй бүх хүмүүсийг нийлүүлбэл 240-250 орчим бүргэдчин бий.

 

-Баян-Өлгий аймаг Бүргэдийн баярыг энэ жил 24 дэх удаагаа  зохион байгуулж байна. Судлаач хүний хувьд зохион байгуулалтын асуудлаар ямар санал хэлэх вэ?

-Бүргэдийн баяр бол дэлхийн хэмжээний том үйл ажиллагаа яах аргагүй мөн. Хөндлөнгөөс харахад сайжруулах зүйл маш их байна. Жишээлбэл, бүргэдчдийн бүртгэлийг баяр эхлэхээс нэг өдрийн өмнө хийхгүй бол маш их цаг алдаж, хүмүүсийг хүлээлгэж байна. Мөн урд өдөр нь зөвлөгөөн хийж, бүргэдчидтэйгээ уулзаад, мэдээлэл өгөөд, дүрэм журмаа танилцуулаад явсан бол баярын үйл ажиллагаа цагтаа эхэлж, цагтаа дуусах боломжтой гэж харж байгаа. Эн удаагийн Бүргэдийн баяр болсон талбай өвс ургамал сайтай, машин техникийг хол зайд байрлуулсан, аятайхан болсон байна. 

Related news