БАЯН-ӨЛГИЙ: Төрийн бус байгууллага өөрийн хөрөнгөөрөө нийтийн бие засах газрууд байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг "Оюунлаг алхам холбоо" төрийн бус байгууллага өөрийнхөө санхүүжилтээр Өлгий хотын таван байршилд нийтийн бие засах газар байгуулах ажлыг эхлүүлээд байна.
Өлгий хотын хувьд төвлөрсөн бохир, цэвэр усны шугамд холбосон, стандартын шаардлага хангасан нийтийн бие засах газар байхгүй байгаа нь хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа. Тийм учраас төрийн бус байгууллагын зүгээс уг асуудлыг шийдэх санаачилга гаргаж, аймгийн удирдлагын зүгээс газрыг нь шийдэж өгсөн байна. Гэхдээ ариун цэврийн байгууламж барих байршлыг олон нийтийн хэрэгцээг үндэслэн тэд өөрсдөө санал болгожээ.
Одоогоор аймгийн Спорт цогцолбор болон Хөгжимт драмын театрын урд тус бүр нь 50 сая орчим төгрөгөөр хоёр нийтийн бие засах газар барьж, удахгүй ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна. Харин үлдсэн гурван бие засах газрын барилгын ажлыг ирэх хавар цаг агаар дулаарсны дараа эхлүүлэх аж.
"Бидний барьсан нийтийн бие засах газруудын ашиглалттай холбоотой зардлуудыг
нь шийдвэрлэж, цаашид зориулалтын дагуу тогтвортой ажиллуулах саналыг Өлгий сумын
удирдлагуудад тавьсан. Хэрвээ сумын удирдлага тийм боломж байхгүй гэвэл
менежментийн асуудлыг нь бид өөрсдөө хариуцан ажиллуулах болно" хэмээн төрийн
бус байгууллагын төлөөлөл хэллээ.