БАЯН-ӨЛГИЙ: Бүргэдийн баярыг ирэх амралтын өдрүүдэд 24 дэх удаагаа зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын аялал жуулчлалын үйл ажиллагаануудын нэг болох уламжлалт "Бүргэдийн баяр"-ыг Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг Саят толгой хэмээх газарт ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 30, ирэх сарын 1-ний өдөр 24 дэх удаагаа зохион байгуулна.
Уг үйл ажиллагааны зохион байгуулагчаар Монголын бүргэдчид холбоо, Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газар зэрэг байгууллага ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2023 оны 575 дугаар захирамжаар аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамедээр ахлуулсан ажлын баг байгуулж, холбогдох бэлтгэл ажлуудаа хангаж байгаа.
Бүргэдийн баяраар тус аймгийн 13 сумаас ирсэн бүргэдчид бүргэдээ биедээ дасгасан, ан агнахад сургасан байдлаа сорин өрсөлдөнө. Мөн энэ үеэр урианхай сур харваа болон казах түмний үндэсний тоглоом болох мөнгө шүүрэх /тенге илу/, хүүхэн хөөх /кыз хуар/, тулам булаалдах /көкпар/ тэмцээнүүдийг давхар явуулна.