БАЯН-ӨЛГИЙ: Бяцхан тариаланчид ургацаа хураав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-09-07 14:32:12

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 14 дүгээр цэцэрлэг нь хашаандаа 6х10 метрийн хэмжээтэй хүлэмжтэй.


Тус хүлэмжийг 2021 онд УИХ-ын гишүүн Т.Аубакир бэлэглэж байсан бөгөөд цэцэрлэгийн багш, үйлчилгээний ажилтнууд, хүүхдүүдийн оролцоогоор ногоо тарихад ашиглаж байна.


"Бид хаврын улиралд үрсэлгээгээ бэлдэж, цэцэрлэгийн хүүхдүүдийг оролцуулан тариалалтаа хийдэг. "Та нарын өдөр тутам иддэг хүнсний ногоог ингэж тарьдаг юм шүү" гэж тэдэнд бүх юмыг газар дээр нь харуулдаг. Харин намар нь "та нарын хавар тарьсан үрсэлгээ чинь ийм болсон шүү" гэж хүүхдүүдийн өөрсдөөр нь хураалгаж байна. Энэ жилийн хувьд хүнсний ногоо маань сайн ургасан. Хүүхдүүд ч ургацаа хурааж баяртай байгаа" хэмээн тус цэцэрлэгийн эрхлэгч А.Дина хэлэв.


Өлгий сумын 14 дүгээр цэцэрлэгийн багш нар болон хүүхдүүд одоогоор хүлэмждээ өргөст хэмх, улаан лооль, чинжүү, брокли, салат навч, харин хашаандаа ил задгай талбайд төмс, манжин, сонгино тариалдаг. Зуны улиралд үйлчилгээний ажилтнууд арчилж усалдаг аж. Хурааж авсан төмс, хүнсний ногоогоо хүүхдүүдийн хүнсэнд хэрэглэдэг. Ингэж хэмнэсэн мөнгөөрөө хүүхдүүдэд нэмэлтээр жимс худалдан авч өгдөг байна.


Тэд энэ жил цэцэрлэгийн хашаанд нэмж 25 ширхэг үхрийн нүд, 25 ширхэг чацарганын мод тарьжээ. Үүнээс үхрийн нүдний мод сайн ургаж байгаа ба ирэх жилээс жимсээ өгнө гэсэн хүлээлттэй байна. 

Related news