СҮХБААТАР: Алтан овооны их тахилга наадмын нэг чимэг нь О.Хангай аварга байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-08-10 14:53:50

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Алтан овооны тэнгэрийг тайх тахилга, 110 жилийн баяр наадмын чимэг  болсон олон үйл ажиллагаа байснаас гадна Монгол Улсын аварга О.Хангай их тахилгад зориулсан хүчит бөхийн барилдаанд зодоглосон нь хамгийн том чимэг байлаа.


Тэрбээр хүчит бөхийн барилдаанд түрүүлж, Алтан овооныхоо хишгийг Сүхбаатарынхны хайр хүндэтгэлтэй хамт хүртээд буцсан юм.


Хэнтий, Говь-Алтай аймгийн 100 жилийн ойд зодоглон түрүүлсэн О.Хангай аварга бай шагналд бус Алтан дарь овоогоо зорин ирсэн нь олны хүндэтгэлийг хамгийн ихээр хүлээж, нутгийн хурц арсланг өвдөг  шороодуулж түрүүлсэн ч түүнийг хайрлан хүндэтгэх, мөрнөөс нь адис авч, хамтдаа зургаа татуулах гэсэн олны хөл тасрахгүй байв. Тэр ч бүү хэл баяр наадмын оройны шоу арга хэмжээнд хөтлөгч түүнийг тайзнаа гаргахад иргэдийн уухайн түрлэг, алга ташилт тасралтгүй үргэлжилж байсан нь түүнийг Сүхбаатарынхан, цаашлаад Монголын ард түмэн хичнээн их хайрлаж, хүндэтгэдгийг илтгэж байлаа.


“Монгол түмэн эрт дээр үеэс уул усаа тахин шүтэж улс орон, ард түмэн, гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, цаашлаад бие сэтгэл, эрүүл мэндээ даатгаж ирсэн сайхан уламжлалтай. Тийм ч учраас төрийн тахилгат Алтан овооныхоо их тахилгыг зорин ирж барилдаж түрүүлсэндээ баяртай байна. Энэ нутгийн уул, ус намайг ирэх болгонд минь сайхан хүлээж авдаг. Таван жилийн өмнө 105 жилийн ойд ирж барилдаж байлаа. Тахилгын баяр наадам үнэхээр сайхан болж байна” хэмээн Монгол Улсын аварга О.Хангай сэтгэгдлээ хуваалцав.


Их тахилгын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой 128 бөх зодоглосноос улсын  аварга О.Хангай түрүүлж, Сүхбаатар аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр үзүүрлэсэн юм. Мөн улсын начин Б.Түмэндэмбэрэл, Сүхбаатар аймгийн хурц арслан Б.Номиндалай нар шөвгөрөв.

Related news