БАЯН-ӨЛГИЙ: Монгол, Оросын судлаачид тарваган тахлын судалгаа хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Монгол, Оросын судлаачид хамтран хоёр улсын хил орчмын бүс нутаг дахь тарваган тахлын байгалийн голомтод тандалт судалгаа хийж байна.
Судалгааны ажил өнгөрсөн сарын 17-ны өдөр эхэлсэн ба Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ болон ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын Тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн, Бүгд Найрамдах Алтай Улсын тарваган тахал эсэргүүцэн судлах станцын судлаачид оролцож байна.
Судалгаанд Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур, Бугат сумын нутаг дэвсгэрт орших Сийлхэмийн нурууны улсын хил дагуух бүс нутгуудыг хамруулж байгаа юм. Энэ хүрээнд сорьц цуглуулж нян судлалын шинжилгээ хийх, хүн амын дунд тандалт судалгаа явуулах, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх зэрэг ажлыг зохион байгуулж байна.
Монгол, Оросын судлаачдын 7 дахь жилдээ хамтран явуулж буй тарваган тахлын байгалийн голомтын тандалт судалгаа нь энэ сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Баян-Өлгий аймаг нь тарваган тахлын маш өндөр идэвхтэй бүсэд хамаардаг. 2019
онд Сийлхэмийн голомтод буюу яг одоо шинжилгээ хийж буй голомтот нутагт
тарваган тахлын тохиолдол бүртгэгдэж, 2 хүний нас барсан юм.