Монголд анх удаа “Dinosaur festival” зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Dinosaur
festival”-ийг Монголд анх удаа зохион байгуулахтай холбогдуулан ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Палеонтологийн хүрээлэн Монгол нутгаас үлэг гүрвэлийн өндөг анх олдсон, Монгол нутагт эртний шим судлал /палеонтологи/-ын иж бүрэн хайгуул, шинжилгээ явуулж эхэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Өмнөговь аймгийн Булган сумын Баянзаг олдворт газарт Монголд анх удаа “Dinosaur
festival”-ийг 7 дугаар сарын 29-30-нд зохион байгуулах юм.
Палеонтологийн судалгааны ололт амжилтад тулгуурлан, шинжлэх ухаан-танин мэдэхүйн мэдлэг түгээх аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилготой уг
фестивалийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ жилийн фестиваль 1923 оны 7 дугаар сарын 13-нд үлэг гүрвэлийн онцгой сонин төрөл зүйлүүд, чулуужсан өндөг, өндөгний үүрийг анх олсноор тоологдож эхэлсэн хугацаа бөгөөд ШУА-ны Палеонтологийн хүрээлэнгээс зохион байгуулах уг үйл ажиллаагаа нь тэдгээр хосгүй үнэт олдворууд анх олдсон газарт болох гэж буйгаараа онцлогтой. Баянзагаас олдсон эртний амьтны өндөг нь үлэг гүрвэлийн өндөг болохыг баталж дэлхий даяар маш том шуугиан тарьж байснаас 100 жилийн дараа шинжлэх ухаан-танин мэдэхүйн хөтөлбөрийг урлаг, уран сайхнаар баяжуулсан цогц арга хэмжээг гадаад, дотоодын аялагчид, нутгийн иргэдэд толилуулах юм.
Монгол Улсын палеонтологи, ялангуяа үлэг гүрвэлийн судалгаа нь дэлхийд эхний тавд багтдаг шинжлэх ухааны салбар юм. Тийм ч учраас манай улс аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд палеонтологийн судалгаа шинжилгээнийхээ ололт амжилтуудыг дөвийлгөн гаргах, үүнтэй уялдуулан аялал жуулчлалын салбараа төрөлжүүлэн хөгжүүлэх боломжууд асар их бий. Палеонтологийн салбар нь байгалийн түүхийг иргэд олон нийтэд таниулж Монгол нутгаас олдсон хосгүй үнэт үлэг гүрвэлийн олдворуудыг хадгалагдаж ирсэн орчинд нь үзэх, техник технологийн дэвшлийг ашиглан Цэрдийн галаваар аялах зэрэг олон сонирхолтой хөтөлбөрийг олон нийтэд зориулан гаргасан цогц үйл ажиллагаа нь жуулчдын сонирхлыг татах аялал жуулчлалын бүтээгдэхүүн нь болж чадах юм.
Өдгөө дэлхийд танигдсан 400 гаруй төрөл үлэг гүрвэлийн 80 гаруй төрөл нь Монголоос олж тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, бараг тавны нэг нь манай улсаас олдсон гэсэн үг. Энэ бол асар нандин түүхийг өөртөө агуулж буй нууцлаг их говио олон нийтэд сурталчлан таниулах хөдлөшгүй шалтгаан төдийгүй “Dinosaur festival”-ийг зохион байгуулах хөдөлшгүй хүчин зүйл болсныг
фестиваль зохион байгуулагчид мэдээлэв.
Онцлох арга хэмжээнүүд
-Түүхэн олдворуудын үзэсгэлэн
-Лазер болон Dj шоу
-Тэмээн жингийн цуваа
-Бяцхан малтагч хүүхдийн хэсэг
-Үндэсний урлагийн тоглолт
-3D, холлограм үзүүлэн
-Хамтлаг, дуучдын тоглолт
-Динозаврын ангуучидтай нэгэн шөнө VIP отог, тусгай аялал
-Танин мэдэхүйн сонирхолтой хөтөлбөрүүд зэрэг олон арга хэмжээнүүд хоёр өдрийн турш үргэлжилнэ.