Озэки цолоо авсан Кирибаяма нэрээ Киришима болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-05-31 11:02:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл, банцүкэ шийдэх хорооны хуралдаан өнөөдөр болж, Зуны тэмцээнд 11 давсан сэкивакэ Кирибаямад озэки цолыг нь албан ёсоор олголоо. Ингэснээр Кирибаяма мэргэжлийн сүмогийн түүхэн дэх 256 дахь озэки болов.


Манай бөх “Озэки цолны нэр хүндийг гутаахгүй, урьд өмнөхөөс илүү бэлтгэл хийж, хичээн зүтгэх болно” гэж хэлсэн байна.

Түүнийг озэки цолоо авахаас өмнө Холбооны Шүүгчдийн зөвлөлийн тэргүүн Садогатакэ ояката “34 даваа гэдэг бол өөлөхийн аргагүй үзүүлэлт. Тэмцээний эхний өдрүүдэд биеэ бариад байсан ч даваа болгоны дараа барилдааны агуулга, чанар сайжирсан. Хөл сайтай, эцсээ хүртэл дохёноос гарахгүй гэж тэмцдэг, тэвчээртэй, ер нь өөрийн барилдаанаа олчихсон бөх. Харин озэки болчихоод тачиай дээр зайлдаг зуршлаа арилгаж, эгц шулуун дайрах нь чухал” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн.

 

Ёслолын дараа Мичинокү ояката "Киришима нэрийг үе залгамжлан авч, ёкозүна болоорой" хэмээн ерөөсөнд Кирибаяма "Үнэхээр гайхамшигтай сайхан нэр. Багш нэрээ өгөх болсныг сонсоод би их баярласан" гэжээ. Ийнхүү Кирибаяма озэки цолоо авсан төдийгүй цаашид багшийнхаа Киришима нэрээр барилдах болжээ.


Кирибаямагийн багш Мичинокү ояката бол Киришима нэрээр барилдан, озэки цол хүртэж байсан хүн юм.  Кагошима мужийн уугуул тэрбээр 187 см өндөр, 132 кг жинтэй байв. Амжилтын хувьд дээд зиндаанд нэг удаа түрүүлж, уран барилдааны шагнал 4, гарамгай барилдааны шагнал 3, дайчин барилдааны шагнал 1 удаа хүртэж байсан бөх.

 

Киришима Б.Лхагвасүрэн 2015 онд мэргэжлийн сүмод анх барилдаж 4 жилийн дараа сэкитори цолтой болсон бөгөөд 2020 онд макүүчи зиндаанд дэвшиж жилийн дараа саньякү цолонд хүрчээ. Харин одоо Монголоос төрсөн 6 дахь озэки болж түүхэнд үлдлээ.

Related news