Номын баярт оролцогчдын 75.4 хувь нь 15-35 насны залуучууд

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-05-24 16:04:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор, “Илүү их уншъя” уриатайгаар 33 дахь удаагаа зохион байгуулагдаж буй "Номын баяр" энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.


Уламжлалт хаврын номын баяраар нэн шинэ болон үнэт ховор ном, бүтээлийн дээжээс олон нийтэд толилуулахаас гадна яруу найргийн өдөрлөг, үндэсний хувцастай үзүүлбэрүүд, уран бичлэгийн уралдаан, зохиолч уншигчдын уулзалт, сонсдог болон цахим номын танилцуулга зэрэг урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулах ажээ. Түүнчлэн ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, оюунлаг дадлыг үлгэрлэн манлайлсан номын сайн нөхдөд “Тэргүүний уншигч Д.Нацагдорж” тэмдгийг гардуулахаас гадна хэвлэн нийтлэх, соён гэгээрүүлэх үйлсэд тууштай гавьяагаараа түүчээлдэг хувь хүн, албан байгууллагуудыг алдаршуулдаг уламжлалтай.


Жил бүрийн хавар Жанжин Д.Сүхбаатарын талбайд 300 гаруй номын асарт мөн тооны зохиолчид, 200 гаруй хэвлэн нийтлэгч нэгдэж, ойролцоогоор 30000 гаруй хүн идэвхтэй оролцдог аж. Судалгаанаас үзэхэд, номын баярт оролцогчдын дийлэнх буюу 75.4 хувь нь 15-35 насны залуучууд байдаг бол хүйсийн харьцаагаар эмэгтэйчүүд 63.9 хувийг эзэлдэг байна.

Related news