БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-05-21 18:21:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.


Ерөнхийлөгч Эммануэл Макроныг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардахад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүн болон албаны бусад хүн угтаж авав.


Эммануэл Макроны энэхүү айлчлал нь богино хэдий ч хоёр орны харилцаанд онцгой бэлгэдэлтэй, Бүгд Найрамдах Франц Улсаас төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад хийж буй анхны түүхэн айлчлал болж байна. БНФУ нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон өрнөдийн зургаа дахь, Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн өрнөдийн хоёр дахь улс юм.


Харилцан хийсэн гол айлчлалууд:

Төрийн тэргүүн:

Монголын талаас:

-1996 онд Ерөнхийлөгч П.Очирбат

-2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр

-2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж


Францын талаас:

-1986 онд Ерөнхийлөгч асан Валери Жискар д’Эстэн Ардын Их Хурлын урилгаар


Ерөнхий сайд:

Монголын талаас:

-1992 онд Ерөнхий сайд Д.Бямбасүрэн 

-2009 онд Ерөнхий сайд С.Баяр


Парламентын дарга, гишүүд:

Монголын талаас:

-1993 онд УИХ-ын дарга Н.Багабанди

-1996 онд УИХ-ын дарга Р.Гончигдорж

-2011 онд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл

-2006, 2014, 2017, 2022 онд УИХ дахь найрамдлын бүлгийн төлөөлөгчид. 


Францын талаас:

-1996, 2002, 2006, 2013, 2016, 2021 онд Сенат дахь найрамдлын бүлгийн төлөөлөгчид, 

-2003, 2013, 2014 онд Үндэсний ассамлбей дахь найрамдлын бүлгийн төлөөлөгчид,

-2008 онд Үндэсний ассамблейн Эдийн засаг, байгаль орчин, газар нутгийн байнгын хорооны төлөөлөгчид, 


Гадаад хэргийн сайд:

Монголын талаас:

-2008 онд Гадаад хэргийн сайд С.Оюун

-2014 онд Гадаад харилцааны сайд Л.Болд

-2016 онд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн

-2018 онд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар


Францын талаас:

-2013 онд Гадаад хэргийн сайд Л.Фабиус


Бусад түвшний айлчлалууд: 

Францын талаас:

-1997 онд Байгаль орчны сайд К.Лепаж,

-2003 онд Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны яамны ТНБД Р.Мюзөлье

-2010 онд Гадаад худалдааны асуудал эрхэлсэн ТНБД А.М.Идрак

-2013 онд Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайд Г.Гаро

-2014 онд Засгийн газрын гишүүн, Гадаад харилцаа, олон улсын хөгжлийн яамны Гадаад худалдаа, аялал жуулчлал болон хилийн чанад дахь францчуудыг дэмжих асуудал эрхэлсэн ТНБД М.Фэкл

- 2023 онд Хөдөө аж ахуй, хүнсний бүрэн эрхт байдлын сайд Марк Фэну тус тус айлчилсан байна.


Related news