БАЯН-ӨЛГИЙ: Олон улсын байгууллагууд 970 өрхөд 316,4 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн малчид, мал бүхий иргэдэд өнгөрсөн өвөл болон хавар улс, аймаг, сумын аюулгүйн нөөцөөс нийтдээ 1224 тонн тэжээл олгожээ.
Тодруулж хэлбэл, Улсын нөөцөөс 648,41 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон байна. Мөн аймгийн аюулгүйн нөөцөөс 340 тонн тэжээл, сум тус бүрд 500 боодол, нийтдээ 5300 боодол өвс, сумдын аюулгүйн нөөцөөс 236 тонн тэжээл, 312 тонн өвсийг тус тус тараажээ.
Өвөлжилт,
хаваржилт хүндэрсэн үед олон улсын байгууллагууд ч тус аймгийн малчдад
тусламжийн гараа сунгасан. Тухайлбал, "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагаас
Алтанцөгц сумын 60 өрхөд 18,4 сая, Дэлүүн сумын 130 өрхөд 40,8 сая, Ногооннуур
сумын 160 өрхөд 50,2 сая, Цэнгэл сумын 180 өрхөд 56,5 сая, нийтдээ 166,4 сая
төгрөгийн тэжээлийн болон бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлжээ.
Харин "АДРА
Монгол", НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллага, Улаан загалмайн нийгэмлэг зэрэг байгууллагуудаас
Алтай (90), Баяннуур (60), Бугат (90), Булган (70), Сагсай (130) сумдын 440
өрхөд 150 сая төгрөгийн тусламж олгосон. Олон улсын байгууллагууд нийт 970
өрхөд 316,4 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн ажээ.