AFP: Францын Ерөнхийлөгч түүхэндээ анх удаа Монгол Улсад айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-05-18 12:57:14

ПАРИС. /AFP/. Өрнөдийнхний сонирхлыг улам их татах болоод байгаа, Хятад, Оросын дунд орших далайд гарцгүй Монгол Улсад Францын Ерөнхийлөгч анх удаа айлчлах гэж байна. Ерөнхийлөгч Эммануэл Макрон Японд "Долоогийн бүлэг"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа ням гарагт тус улсад айлчилна гэж Елисейн ордон мэдээлжээ. 


Францын Ерөнхийлөгч “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор баасан гарагт Хирошимаг зорих юм. Тэрбээр ням гарагт дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаарх хэвлэлийн хуралд оролцсоныхоо дараа Улаанбаатарт богино хэмжээний айлчлал хийх бөгөөд энэ нь түүний Ерөнхийлөгчийн хувиар тус улсад хийсэн анхны айлчлал болно. 


Э.Макрон Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй хэлэлцээ хийх бөгөөд дараа нь хоёр удирдагч оройн зоог барина. Францын Ерөнхийлөгч мөн 13-р зууны үеийн байлдан дагуулагч Чингис хааны музейг үзэж сонирхоно. Тэрбээр тухайн өдрийнхөө орой Парис руу буцна. 


“Орос, Хятадын дунд орших далайд гарцгүй Монгол Улс бол сонгууль явуулдаг либерал засаглалын загвартай, хоёр том хөрштэйгээ илүү найдвартай, илүү сайн нөхцөлд хамтран ажиллахын тулд түншлэлээ төрөлжүүлэхийг эрмэлздэг орон юм” гэж  Елисейн ордноос гаргасан мэдэгдэлд онцолжээ.


Францын Ерөнхийлөгч Монголд айлчлах үеэрээ ОХУ-ын хөрш орнуудад ирж буй дарамтыг сулруулах, тэдэнд нэмэлт сонголт нээж өгөх Парисын эрмэлзлийн нэг хэсэг болох “геостратегийн түвшний чухал асуудлыг” хэлэлцэнэ гэж мэдэгдэлд дурдсан байна. 


“Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 хувь нь нүүрснээс хамааралтай, ногоон эдийн засагт шилжихэд бэрхшээлтэй тулгарч байгаатай холбоотойгоор хоёр талын түвшинд “хамтран ажиллах томоохон боломж бий” гэж Францын эрх баригчид үзэж байгааг мөн дурджээ.  

Related news