БАЯН-ӨЛГИЙ: Дөрвөн аж ахуйн нэгжийг “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгаруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсээс оны шилдэг татвар төлөгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг тодрууллаа.
Аймгийн шилдэг татвар төлөгчдийн жагсаалтыг дунд сегментийн ангилалд авто зам, гүүрийн барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Жол" компани тэргүүлжээ. Тус компани өнгөрсөн онд улсын болон орон нутгийн төсөвт 1 тэрбум 187 сая төгрөгийн татвар төлсөн байна.
Мөн 828 сая төгрөгийн татвар төлсөн барилга угсралтын "Агайын" компани, 498 сая төгрөгийн татвар төлсөн аймгийн Цахилгаан, шугам сүлжээний газар, бичил сегментийн ангилалд 214 мянган төгрөгийн татвар төлсөн хүлэмж, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Алтын сапа" компанийг "Шилдэг татвар төлөгч"-өөр тус тус шалгаруулжээ.
Хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс 5 сая төгрөгийн татвар төлсөн иргэн Х.Муратбек,
2,9 сая төгрөгийн татвар төлсөн Б.Төлеужан нар мөн аймгийн "Шилдэг татвар
төлөгч" болсон байна.