БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн "Сайхан бичигтэн"-үүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-05-08 12:22:31

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Төв номын сангаас “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тохиолдуулан "Сайхан бичигтэн" уралдааныг энэ сарын 5-ны өдөр Өлгий хотод зохион байгууллаа.

Тус уралдаан нь монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, үндэсний бичиг соёлоороо бахархах үзэл төлөвшүүлэх, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, соёлын өвийг сурталчлах зорилготой байв.

Уралдаанд аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудаас 50 орчим хүн оролцож, зохион байгуулагчдаас өгсөн эхийг үндэсний  бичгээр алдаагүй, цэвэр бичиж өрсөлдлөө.

Шүүгчдийн шийдвэрээр Өлгий сумын "Дарын" цогцолбор сургуулийн бага ангийн багш М.Махбалын бүтээл шилдгээр шалгарав. Харин Өлгий сумын лаборатори 2 дугаар сургуулийн багш С.Назыкеш, 5 дугаар сургуулийн математикийн багш Х.Нургүл, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагч Ц.Баярхүүгийн бүтээл удаах байруудад орлоо.

Мөн энэ үеэр гаргасан бүтээлийн үзэсгэлэнд багш нарын бүтээлийн төрлөөр Өлгий сумын лаборатори 3 дугаар сургуулийн багш М.Алтанзул, сурагчдын бүтээлийн төрөлд С.Мейр багштай Өлгий сумын 5 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагчид шилдэг бүтээлийн эзнээр тодорлоо. 









Related news