БАЯН-ӨЛГИЙ: Цоохор ирвэсийн тоо, байршлыг автомат камераар хянана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-05-01 11:49:05

Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанаас Сийлхэмийн нурууны байгалийн цогцолбор газрын “Б” хэсэгт 35 ширхэг автомат камер байршууллаа.


Тус ажил нь тухайн нутагт амьдардаг цоохор ирвэсийн тоо толгой, байршил, хил дамнасан байдлыг судлах зорилготой аж.

Шаардагдах тоног төхөөрөмжийг Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Германы сэргээн босголтын зээлийн банкаар (KFW) хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-өөс олгожээ.


Сийлхэмийн нурууны байгалийн цогцолбор газрыг УИХ-ын 2000 оны 29 дүгээр тогтоолоор хамгаалалтад авсан. Нийтдээ 147641 га талбайг хамрах ба “А, Б” гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Байгалийн цогцолбор газрын А хэсгийн талбай 69576 га, Б хэсгийнх 78065 га байна.


Хамгаалалтад авсан уг газарт 2019 оны судалгаагаар 1626 толгой аргаль хонь, 1600-1800 толгой янгир нутагладаг нь тогтоогдсон.


Мөн “Б” хэсэгт 670 км2 талбайн хэмжээнд хийсэн камерын судалгаанаас харахад 100 км2 талбайд 1,4 толгой нягтшил бүхий 10 бодгаль цоохор ирвэс тархаж байгаа аж. 

Related news