БАЯН-ӨЛГИЙ: Х.Нурбахыт: Цагааннуур боомтоор өдөрт 150-250 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-04-24 12:14:17

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын Цагааннуур боомт дахь салбарын эрхлэгч Х.Нурбахытаас тус боомтын үйл ажиллагаа, ачааллын талаар тодрууллаа.


-Цагааннуур боомтын ачаалал одоо ямар түвшинд байна? Өдөрт хэдэн тээврийн хэрэгсэл, зорчигч улсын хилээр нэвтэрч байгаа бол?

-Цагааннуур боомтын одоогийн ашиглаж байгаа цогцолбор нь 2005 онд ашиглалтад орсон ба өдөрт 1000 зорчигч, 600 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх бүрэн хүчин чадалтай. Одоогоор тус боомтоор өдөрт дунджаар 150-250 тээврийн хэрэгсэл, 600-800 зорчигчийг нэвтрүүлэн ажиллаж байгаа. Тодруулж хэлэхэд, орох чиглэлд 80-120 тээврийн хэрэгсэл, 300-400 зорчигч, гарах чиглэлд 100-140 тээврийн хэрэгсэл, 350-450 зорчигч улсын хилээр нэвтэрч байна.


-Сүүлийн үед боомтоор зорчих хөдөлгөөний тоо нэмэгдэж, тээврийн хэрэгслийн урт дараалал үүсдэг болсон байна. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Тийм ээ. Сүүлийн 4 сарын хугацаанд тус боомтоор зорчих хөдөлгөөний тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан гарах  чиглэлийн дараалал өмнөх өдрийн 22.00 цагаас эхлэн үүсдэг болсон. Өглөө 09.00 цагаас хилийн хөдөлгөөн эхлэх үед 70-90 тээврийн хэрэгсэл гарах урсгалд дугаарлаад зогссон байдаг. Гаалийн болон Хил хамгаалах байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой, мөн хүн хүчээ нэмэгдүүлж ажилласнаар 09.00-10.30 цагийн хооронд гарах чиглэлийн хөдөлгөөнд хяналт шалгалтаа хийж, дараалалд зогссон тээврийн хэрэгслүүдийг бүрэн дуусгадаг. Харин оройн цагаар орох талын хөдөлгөөнд хяналт тавьж, нийт бүрэлдэхүүн, хүн хүчээ нэмэгдүүлж ажилладаг тул тус Цагааннуурын боомтод ямар ч тээврийн хэрэгсэл болон зорчигчид хонохгүй байгаа.


-Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам ашиглалтад орсноор Ховд, Баян-Өлгий аймгийн нутгаар олон улсын транзит тээврийн хэрэгслүүд дайран өнгөрдөг болсон. Эдгээр тээврийн хэрэгслүүд улсын хилээр түргэн шуурхай нэвтэрч чадаж байна уу?

-Такашикен /БНХАУ/-Булган-Цагааннуур-Ташанта /ОХУ/ маршрутаар ачаа тээвэрлэж байгаа транзит /TIR Carnet/ тээврийн хэрэгслүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Энэхүү ТирКарнэйт бүхий тээврийн хэрэгслүүдийн барааны дагалдах бичиг баримт, лац ломбо нь зөрчилгүй байгаа тохиолдолд нэг тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт, шалгалт хийх дундаж хугацаа 10-15 минут байна. Хилийн шалган нэвтрүүлэх байгууллагын хувьд паспорт шалгаж, штамп дарахад нэг иргэнд 30-аас 60 секунд зарцуулан ажилладаг. Энэ мэдээж зөрчилгүй тээврийн хэрэгсэл, зорчигчдод хамааралтай судалгаа байгаа.

 

-Жил бүрийн зуны саруудад Цагааннуур боомтын ачаалал нэмэгддэг. Хилийн хөдөлгөөн одоогийнхоос нэмэгдсэн тохиолдолд байгаа хүн хүч, боломжоороо улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгсэл, зорчигчдын тухайн өдөртөө багтаан гаргах боломжтой юу?

-Цаашид зуны улиралд буюу 6, 7, 8 дугаар сард хилийн хөдөлгөөн нэмэгдэн, өдөрт 400-600 тээврийн хэрэгсэл, мөн 800-1000 зорчигч улсын хилээр нэвтрэх төлөвтэй байгаа. Иймд иргэд бидний ажлыг дэмжин улсын хилээр зорчихдоо ямар нэгэн хууль бус үйлдэл, зөрчил гаргахгүйгээр улсын хилээр нэвтэрсэн тохиолдолд бид дээрх хөдөлгөөнийг тухайн өдөрт нь багтаан нэвтрүүлэх боломжтой. Энэ ташрамд хэлэхэд улсын хилээр нэвтэрч буй зорчигч болон аж ахуйн нэгжүүд хориглосон болон хязгаарласан барааг хууль бусаар нэвтрүүлэхийг завдахгүй байх, мөн бичиг баримтын зөрчил гаргахгүй байхыг анхааруулж байна. Бид та бүхэнд хуулийн хүрээнд хурдан, шуурхай үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ, олон улсын худалдааг хөнгөвчлөн ажиллахыг зорилго болгон ажиллаж байна.

Related news