С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-04-20 14:28:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсэн өдөрт зориулан Ардчилсан намын дарга Л.Гантөмөр тэргүүтэй удирдлагууд, гишүүд, дэмжигчид түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.


АН-ын дарга Л.Гантөмөр энэ үеэр хэвлэлийнхэнд хандаж хэлэхдээ, "Өнөөдөр С.Зориг агсан 61 нас хүрэх байлаа. Түүний мөрөөдөж байсан нийгмийг гүйцэлдүүлж бүтээх нь ардчиллын залуус, Ардчилсан намынхан, эрх чөлөөний төлөө тэмцэж буй хүн бүрийн ариун үүрэг байдаг. Харамсалтай нь, өнөөдөр Монгол Улсад нэг намын ноёрхол давамгайлсан, тэрхүү ноёрхол нь иргэдийн үг хэлэх эрх чөлөөг боогдуулсан, хувийн өмч рүү халдан довтолсон, хүмүүсийн амьдрал өдрөөс өдөрт муудсан нөхцөл байдлыг үүсгээд байна.


С.Зориг агсны төрсөн өдрөөр тавьж буй бидний тангараг бол Монголоо хөгжүүлье, залуусынхаа эрх чөлөөний төлөөх тэмцлийг идэвхжүүлье. Монгол залуус боловсролтой, эрх чөлөөтэй, бизнестэй, ажилтай, орлоготой болох ёстой гэсэн үзэл санаа юм. Бидэнд цаг хугацаа алдах эрх алга. Тэгэхээр бид ардчиллын төлөөх үйл хэргийг үргэлжлүүлж, Монгол орноо хөгжүүлнэ гэсэн зорилготойгоор Ардчилсан намын эв эеийг сахисан, гурван сарын хугацаанд хийсэн ажлынхаа үр дүнг үзэх гэж байна. Цаашид бид нэгдэж, Монгол орныхоо төлөө ажиллах болно" гэлээ.


Энэ үеэр АН-ын дарга Л.Гантөмөрт С.Эрдэнэ албан ёсоор намынхаа тамгыг хүлээлгэн өгсөн юм.


Санжаасүрэнгийн Зориг нь Монголын дээд боловсролын салбарын томоохон зүтгэлтнүүдийн нэг, МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайдын албыг хашиж байсан Санжаасүрэнгийнд хоёр дахь хүү нь болон 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд мэндэлжээ. Тэрээр нийслэлийн 23 дугаар сургуульд 1970 онд элсэн орж, 1980 онд төгссөн. Улмаар Москвагийн Улсын Их сургуулийг философич мэргэжлээр 1985 онд дүүргэсэн юм. С.Зориг нь Сүхбаатарын талбай дээр болж байсан цуглаануудад Монголын Ардчилсан Холбооны зохицуулагчийн хувиар чанга яригч барин үгээ хэлж, иргэдийг өөрчлөлтөд уриалж байв. 1990 оны 3 дугаар сард түүний хүчин зүтгэлээр тухайн үеийн эрх баригч МАХН-ын Төв Хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монголын түүхэнд шинэ үе эхэлсэн билээ. Тэрээр 1992, 1996 оны сонгуулиар УИХ-д сонгогдож, Ардчилсан Холбоо эвслийн хоёр дахь Засгийн газар болох Цахиагийн Элбэгдоржийн Засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байв.



Related news