БАЯН-ӨЛГИЙ: Бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх нөлөөллийн аян өрнүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-04-18 13:52:32

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар хамтран "Хүн бүр байгаль хамгаалагч" нөлөөллийн ажлыг нэг сарын хугацаагаар зохион байгуулна.


Тус ажил нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг олон нийтэд таниулах, бүх нийтийн экологийн боловсрол, эрх зүйн мэдлэгийг нь дээшлүүлж, нийгмийн хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх зорилготой аж.

Нөлөөллийн аяны хүрээнд хийх ажлуудын талаар өнөөдөр аймгийн ГХУСАЗСЗ-ийн Хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.Хавал, аймгийн ерөнхий прокурор Ш.Баасандорж, Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Ө.Танат, тус газрын Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, хошууч А.Серикжан, Хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч К.Ёлка, Хилийн Цэргийн  0165 дугаар ангийн Хилийн албаны тасгийн дарга, дэд хурандаа Б.Ахжархын, аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн И.Жулдыз, Н.Болатхан нарын албаны хүмүүс оролцов.


"Хүн бүр байгаль хамгаалагч" нөлөөллийн арга хэмжээ энэ сарын 17-ны өдрөөс эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Байгаль орчноо хамгаалах чиглэлээр салбар зөвлөл болон төрийн байгууллагууд тодорхой ажлууд хийж байгаа. Цаашид иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд ч "Хүн бүр байгаль хамгаалагч" уриан дор нэгдэж, өөрсдийнхөө амьдарч байгаа орчин, байгаль орчноо хамгаалах үйлсэд оролцох ёстой гэдгийг аймгийн ИТХ-ын дарга Х.Хавал онцоллоо.


Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, хошууч А.Серикжаны хэлснээр "Хүн бүр байгаль хамгаалагч" нөлөөллийн ажлыг жил бүр улсын хэмжээнд уламжлал болгон өрнүүлдэг "Байгалиа хамгаалъя" аяны хүрээнд зохион байгуулж байгаа аж.


Нөлөөллийн ажлын хүрээнд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг арилгах, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, усаа гамтай хэрэглэх, мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн уриалга гаргаж компанит ажил өрнүүлэх, сурагчдын дунд "Хүүхэд бүр байгаль хамгаалагч" гар зургийн уралдаан зарлаж дүгнэх, олон нийтийн экологийн боловсрол, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх, нөлөөллийн ажлуудыг аймгийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Related news