ДУНДГОВЬ: Дундговь аймгийн төлөөлөгчид ӨМӨЗО-ны Баяннуур хотод айлчлал хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-04-18 09:17:21
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 10-15-нд ӨМӨЗО-ны Баяннуур хотод айлчлал хийв.

Тус аймаг 2021 онд гадаад харилцаагаа хөгжүүлэх ажлын хүрээнд ӨМӨЗО-ны Баяннуур хоттой боловсрол, соёл, эрүүл мэнд, гадаад худалдаа, үйлдвэрлэлийг харилцан дэмжих хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

ӨМӨЗО-ны Баяннуур хотын намын хорооны дарга Хэ Вэйхуа, хотын Засаг дарга Ван Зыпин, хотын Ардын төлөөлөгчдийн их хурлын дарга Жоу Юылин нарын албаны хүмүүс төлөөлөгчдийг хүлээн авч, албан ёсны уулзалт зохион байгуулж, харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, соёл урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх, тэмээний сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд борлуулах үйлдвэр байгуулах, боловсролын салбарт багш, сурагчдыг сургалтад хамруулах, уламжлалт анагаах ухааны чиглэлээр туршлага судлах, энэ чиглэлээр их эмч, сувилагчийг урт болон богино хугацааны сургалтад хамруулах зэрэгт үр дүнтэй хамтран ажиллах тодорхой санал тавьж, нэгдсэн ойлголтод хүрснийг онцлон тэмдэглэжээ.



Харин Баяннуур хотын намын хорооны дарга Хэ Вэйхуа БНХАУ-ын дарга Си Жи Пин даргын санаачилсан “Нэг бүс-Нэг зам бодлого”, боомтын хөгжлийн хүрээнд хөдөө аж ахуй, жимс жимсгэнийн газар тариалангийн бүтээгдэхүүн экспортлох, тус салбарт хөрөнгө оруулалт хийх, Хятад, Орос улсыг холбосон чухал замд байршилтай Дундговь аймгийн хүрэн нүүрсний нөөцийг эрчим хүчний зориулалтаар ашиглах, бүс нутгийн бараа ачаа тээврийн ложистик төв болон хөгжих бүрэн боломжтойг дурдаад Баяннуур хотын Урадын дунд хошуу болон Сайнцагаан сумын хамтын ажиллагааны тогтсон харилцааг хөгжүүлэх, Дундговь аймаг Урадын хойд хошууны эртний харилцааг сэргээх, мөн хоёр аймаг хотын хүн ардын эрүүл мэндийг тэтгэх, харилцан соёлоо сурталчлах, хөдөө аж ахуйн салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэх зэрэгт байнгын харилцаатай байж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.



Айлчлалын хүрээнд Баяннуур хотын Урадын хойд хошууны Ингэний ферм, ингэний сүүний үйлдвэр, Баяннуур хотын махны үйлдвэр, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэр, монгол уламжлалт эмнэлэг, хот төлөвлөлт болон хотын ногоон байгууламж, цөлжилтийн эсрэг авч хэрэгжүүлж буй ажлуудыг үзэж, туршалга судалж, Дундговьд хэрэгжүүлэх ямар боломж байгаа талаар санал солилцсон аж.

Талууд хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлж, бодитой хөрөнгө оруулалт, харилцан үр ашигтай гэрээ хэлцэл байгуулах талаар санал нэгдэж, хөрөнгө оруулалтын саналуудаа гүнзгийрүүлэн судлахаар боллоо гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 



Related news