БАЯН-ӨЛГИЙ: А.Камелиятыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж дөнгөж сая шийдвэрээ гаргалаа.
Хуралдааны эхэнд аймгийн ИТХ-дахь МАН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Хонаевын, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Маралбек Татварын хэлтсийн дарга А.Камелиятын, төлөөлөгч Ж.Адалбек Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болатын, төлөөлөгч З.Онгар ИТХ-ын төлөөлөгч А.Ерболын нэрийг тус тус дэвшүүлсэн. Улмаар К.Болат нэрээ татаж, үлдсэн гурван нэр дэвшигчийн талаар нууцаар санал хураалт явууллаа.
Санал хураалтын үр дүнгээр С.Хонаев 10, А.Камелият 12, А.Ербол 14 төлөөлөгчийн саналыг авсан ч нийт төлөөлөгчдийн 50-иас дээш хувийн саналыг авсан нэр дэвшигч байгаагүй тул хамгийн олон санал авсан А.Ербол, А.Камелиат нарын талаар дахин санал хураав. Хоёр дахь санал хураалтын дүнгээр нэр дэвшигч А.Камелиат 66 хувийн, А.Ербол 34 хувийн санал авлаа.
Иймд аймгийн ИТХ-ын ээлжит бус ХІV хуралдаанаас санал хураалтын дүнгээр хамгийн олон санал авч ялалт байгуулсан А.Камелиятыг аймгийн Засаг даргаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлж, энэхүү шийдвэрээ Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.
А.Камелият нь 1963 онд төрсөн, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй. Төрийн удирдлагын болон эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй. Тэрээр 1993-2002 онд аймгийн Прокурорын газарт нягтлан бодогч, 2002-2005 онуудад нийтийн аж ахуйн үйлчилгээний "Суат" компанид нягтлан бодогч, 2005-2012 онды аймгийн ЗДТГ-ын ерөнхий нягтлан бодогч, Аж хауйн тасгийн дарга, 2012 онд аймгийн Засаг даргын орлогч, 2016-2020 онд аймгийн Засаг даргын орлогч, 2021 оноос аймгийн Татварын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан. Мөн 2008-2016 онуудад аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус сонгогдож байжээ.