БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн Засаг даргад дөрвөн хүний нэрийг дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-04-17 15:51:38

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан эхэллээ. Хуралдаанд аймгийн ИТХ-ын 37 төлөөлөгчийн 33 нь оролцож, ирц 86,3 хувьтай байна.


Өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар:

- Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх;

- "Өлгий -Сансар" эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах тухай;

- "Архидалтгүй Баян-Өлгий" дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай;

- Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Шинэ сэргэлтийн бодлоготой холбоотой нэмэлт өөрчлөлт оруулах тухай;

- Хайгуулын тусгай зөвшөөрөлд санал авах тухай;

- Аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг өөрчлөх;

- Өлгий сумын төвийн инженерийн шугам сүлжээ, авто зам ба дулааны шинэ эх үүсвэрийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх тухай зэрэг 8 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.


Хуралдааны эхэнд аймгийн Засаг даргын орлогч Х.Арман санал оруулж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орсон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах болон хайгуулын тусгай зөвшөөрөлд санал авах асуудлыг хүндэтгэх шалтгааны улмаас буцаан татаж буйгаа мэдэгдэв. Дээрх асуудлаар санал хураалт явуулахад төлөөлөгчдийн олонх нь дэмжлээ.


Үүний дараа хэлэлцэх асуудлын дарааллын дагуу аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэв. Хуралдааны үеэр аймгийн ИТХ-дахь МАН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Хонаевын, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Маралбек Татварын хэлтсийн дарга А.Камелиятын, төлөөлөгч Ж.Адалбек Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болатын, төлөөлөгч З.Онгар ИТХ-ын төлөөлөгч А.Ерболын нэрийг тус тус нэр дэвшүүллээ.


Хуралдааны үеэр аймгийн ИТХ дахь АН-ын бүлэг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлаар завсарлагаа авахыг хүссэн тул хурлын дарга 20 минут завсарлагаа өгч, хуралдаан түр завсарлаад байна.  

Related news