О.Баасанхүү гишүүн олимпийн медальт тамирчдыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-09-06 14:02:51

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр “Рио-2016” зуны олимпийн наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа, олимпийн хүрэл медальт, жудо бөхийн тамирчин, ОУХМ Г.Отгонцэцэг нарыг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

Уулзалтад Олон Улсын жудо бөхийн холбооны гишүүн, Азийн жудо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, сахилгын хорооны дарга, Зүүн Азийн жудо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын жудо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Пагваа, Монгол Улсын гавьяат тамирчин, дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, багш, дасгалжуулагч Б.Энхбаатар нар байлцав.

О.Баасанхүү гишүүн, "ОУХМ Г.Отгонцэцэг Казакстан Улсын нэр дээр барилдсан ч монгол хүн, монгол үндэстнийхээ өмнө ялалт байгуулсан нь чухал юм. Монголчууд морин туурайгаараа дэлхийг тамгалаж байсан бол одоо спортын амжилт, тамирчдынхаа алдар цуугаар дэлхийд данстай болж байгаад баяртай байна" хэмээв.

Монголын жудо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Пагваа амжилт гаргасан тамирчдад урам зориг өгч хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд спортын амжилтад төрийн дэмжлэг чухал ач холбогдолтой болохыг онцолсон юм.

Тэрээр, “Казакстан Улсад тамирчнаа илгээж, хүрэл медаль авч чадлаа. Тус улсын биеийн тамирын хорооноос манай улсад төдийлөн сайн хөгжөөгүй спортын төрөлд хоёр номерын тамирчнаа өгч, Монгол Улсын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оруулах боломжтой гэж мэдэгдсэн. Бид энэ боломжийг ашиглаж өвлийн спортоо хөгжүүлэх боломжтой байгаа. Мөн манай холбооноос “Чингис хаан” гран при тэмцээнийг 4 жил амжилттай зохион байгуулсан бөгөөд Олон Улсын жудо бөхийн холбооны хамгийн шилдэг тэмцээнээр 2 удаа шалгарсан. Гэвч санхүүгийн хүндрэл бэрхшээлээс болж өөр улсад алдах дээрээ тулаад байна. Энэхүү тэмцээнийг зохион байгуулснаар өөрийн улсаа дэлхийн 180 гаруй оронд сурталчилж, нэр хүндээ өсгөж чадсан” хэмээгээд уг тэмцээнийг өөрийн орондоо зохион байгуулах санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулахыг хүслээ.

Ч.Ариунболд

Related news