БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн төвийн 48 цэгт зориулалтын хогийн сав байршуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-04-13 11:20:50

Өлгий /МОНЦАМЭ/. Өлгий хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдэд эрүүл орчинд цэвэр цэмцгэр амьдрах боломж бүрдүүлэх зорилтын хүрээнд Хот тохижуулах албаны парк шинэчлэл хийхээр улсын төсөвт 1 тэрбум 700 сая төгрөг тусгасан.


Тухайн мөнгөөр эхний ээлжид ачих, түрэх трактор, хог ачих өөрөө буулгагч машинууд, 3 тоннын даацтай өргөх, буулгах машин, тарих модны нүх ухах бага оврын трактор, хөрс сийрүүлэгч, усны машин зэрэг 10 машин худалдан авч өнгөрсөн хоёрдугаар сард орон нутагт нийлүүлсэн байна.


Тус ажлын үргэлжлэл болгож Өлгий сумын 48 цэгт зориулалтын хогийн сав байршуулах ажлыг эхлүүлж байна. Эдгээр хогийн савнууд нь тус бүр 8 м3 багтаамжтай ба олон нийтийн газар, томоохон үйлчилгээний төв, аж ахуйн нэгжүүд, нийтийн орон сууцуудын хажууд тавьж, дүүрсэн тохиолдолд зориулалтын машинаар ачиж байх аж.


"Хогийн савд хийсэн хог хаягдлыг эхний ээлжид 1 машинаар зөөвөрлөж, хогийн төвлөрсөн цэгт буулгана. Зуны ачаалал ихтэй үед хоёр дахь машинаа гаргана. Бусад аж ахуйн нэгж, айл өрхүүдийн хувьд энэ загвар, хэмжээгээр хогийн сав захиалж хийлгэн хашаандаа байрлуулж дүүрсэн үед нь Хот тохижуулах албанд хандан ачуулж байх боломжтой болсон" хэмээн Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Есболат хэлэв.


Ташрамд дурдахад, Өлгий хотын айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллага, барилгын үйл ажиллагаа, зам талбайн цэвэрлэгээнээс өдөрт дунджаар 200-250 тн хог хаягдал цуглуулж төвлөрсөн цэгт хүлээн авч устгаж байна.

Related news