БАЯН-ӨЛГИЙ: Спорт цогцолборыг иргэдэд өглөөний цагаар үнэ төлбөргүй ашиглуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-04-12 13:16:52

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газраас "Цаг гаргая" биеийн тамирын үйл ажиллагааг энэ сарын 5-ны өдрөөс аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.


Тус ажил нь Биеийн тамир, спортын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөн, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэвшил бүхий иргэн, гэр бүлийг дэмжих, биеийн тамир, спортоор хичээллэхийн ач холбогдлыг ойлгуулах, спортод ээлтэй орчин бүрдүүлэх зорилготой аж.


"Цаг гаргая" биеийн тамирын үйл ажиллагаа нь зургаадугаар сарын 24-нийг хүртэл үргэлжлэх ба энэ хугацаанд аймгийн Биеийн тамир, спортын газраас гүйлт, алхалт, иог, гимнастик, дугуй, гийр, нийтийн бүжиг, шугаман бүжиг, фитнес, спиннинг зэрэг спортын төрлүүдээр иргэдийг идэвхтэй хичээллүүлэх ажлыг зохион байгуулна. Мөн өдөр бүр 6.30-8.30 цагийн хооронд аймгийн Спорт цогцолбор болон цогцолборын "Б" заалыг иргэд, албан хаагчдад дасгал хөдөлгөөн, спортоор хичээллээх зорилгоор үнэ төлбөргүй ашиглуулах аж.  


Аянд идэвхтэй оролцсон албан байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүлийг тус тусад нь байр эзлүүлж 150-300 мянган төгрөгөөр урамшуулах аж.  

Related news