БАЯН-ӨЛГИЙ: 16-гаас дээш насны иргэдийн 60 хувь нь тоон гарын үсэг аваагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-04-07 14:25:09

Өлгий /МОНЦАМЭ/. Улсын бүртгэлийн ерөнхий газар, ХААН банк хамтран "Тоон гарын үсэг олголтыг идэвхжүүлэх аян"-ыг энэ сарын 3-ны өдрөөс орон даяар өрнүүлж байгаа.


Тус аянд 16-гаас дээш насны иргэдийг хамруулах бөгөөд зургаадугаар сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ. Аяны хүрээнд иргэний үнэмлэхийн санах ой буюу чипэнд суулган олгох тоон гарын үсгийн тоог 1 сая, Gsign апп буюу гар утасны аппликэйшнээр дамжуулан олгох тоон гарын үсгийн тоог 500 мянгад хүргэж, банкны үйлчилгээнд тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн байна.  


Цахим гарын үсгийн тухай хууль өнгөрсөн оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуульд заасны дагуу Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд 5 жилийн хугацаагаар тоон гарын үсэг олгож байгаа. Тоон гарын үсгийг бүх төрлийн төрийн цахим үйлчилгээ, гэрээ, хэлцэл байгуулах, банк, санхүү, төлбөр тооцоо хийх, даатгал, эрүүл мэндийн үйлчилгээ авах, өргөдөл, хүсэлт, зөвшөөрөл, албан тоот болон бусад төрлийн цахим үйлчилгээнүүдэд ашиглана. Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор банк санхүүгийн байгууллагууд ч тоон гарын үсгээр баталгаажуулалт хийж эхлээд байгаа. Тухайлбал, ХААН банк санхүүгийн бүх төрлийн гүйлгээ, онлайн зээлийг тоон гарын үсгээр баталгаажуулдаг болжээ.


Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс тоон гарын үсэг олгох ажлыг өнгөрсөн оноос аймгийн хэмжээнд зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд хэлтсийн ажилтнууд албан байгууллагуудаар орж, ажилтан албан хаагчдад тоон гарын үсэг олгожээ. Үүний үр дүнд одоогийн байдлаар тоон гарын үсэг авбал зохих тус аймгийн 16-гаас дээш насны 71744 иргэний 40 хувь нь буюу 28157 хүн тоон гарын үсэгтэй болсон байна. Одоо дээрх 3 сарын аяны хүрээнд үлдсэн иргэдэд тоон гарын үсэг олгох ажлыг зохион байгуулна. 


Тоон гарын үсэг хараахан аваагүй иргэдийн хувьд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, хөдөөгийн 12 сум, 1 тосгоны улсын бүртгэгчээс, эсвэл Өлгий сумын киоск машинаас авах боломжтой. Түүнчлэн ХААН банкны аймгийн төв дэх салбараас ч тоон гарын үсэг олгож эхлээд байгаа ажээ.   

Related news