БАЯН-ӨЛГИЙ: Зочид буудлын салбарын орлого 54,5 хувиар өсөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн зочид буудлын салбарын орлого өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 470,6 сая төгрөгт хүрч, 2021 оныхтой харьцуулахад 54,5 хувиар өссөн байна.
Тодруулж хэлбэл, тус аймгийн зочид буудлууд 2019 онд 276,4 сая, 2020 онд 233,4, 2021 онд 256,5 сая төгрөгийн орлого олсон аж. Гэвч энэ үзүүлэлт нь баруун аймгуудын дотор хамгийн доогуурт тооцогдож байна. Тухайлбал, хөрш зэргэлдээ Ховд аймаг өнгөрсөн онд 4 тэрбум, Говь-Алтай аймаг 1,1 тэрбум, Увс 672,2 сая, Завхан 659,2 сая төгрөгийг зочид буудлын салбараас олжээ.
Тус аймагт өнгөрсөн оны байдлаар 425 ортой 13 зочид буудал, 256 ортой 9 дэн буудал, 754 ортой 13 жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байгаа. Харин тухайн онд 42 мянга гаруй хүн аяллын зорилгоор Баян-Өлгий аймагт ирсэн гэсэн судалгааг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргасан.
Статистикийн байгууллага зочид буудлын салбарын орлогыг тодорхойлохдоо үндсэн үйл ажиллагааны орлого, буудлын дэргэдэх зоогийн газрын үйлчилгээний болон буфетын худалдааны борлуулалтын орлого, байр, тоног төхөөрөмж түрээслүүлснээс орсон орлого, зочид буудлын нэмэлт үйлчилгээнээс олсон орлогын нийлбэрээр тооцдог.
"Тус аймгийн нийт зочид буудлын орны тоог ирсэн зочид, аялагчдын тоотой харьцуулж үзэхэд жилд 470 саяас дээш орлого олох бүрэн боломжтой. Гадаад, дотоодын зочид, аялагчид олноор ирдэг Баян-Өлгий аймгийн зочид буудлын салбарын орлого хөрш зэргэлдээ аймгуудаас доогуур байгаа нь далд эдийн засагтай холбоотой байж магадгүй" гэдгийг эдийн засагчид хэлж байна.