БАЯН-ӨЛГИЙ: Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид 2,2 тэрбум төгрөгийн зээл хүсэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-03-16 09:58:06

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий  аймагт энэ жил Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 1,1 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр хуваарилагдсан. Харин 24 аж ахуйн нэгж 2,2 төгрөгийн хөнгөлөлттэй зээл авахаар хүсэлт гаргаад байна.


Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон ХХААХҮ-ийн сайдын 2023 оны 37 дугаар тушаалаар баталсан хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн төслийг өнгөрсөн сарын 9-нөөс энэ сарын 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 30 хоногийн хугацаанд хүлээн авсан аж. 


Төсөл хүлээн авах үйл ажиллагааг цахим системээр зохион байгуулсан ба нийт 24 аж ахуйн нэгж 2 тэрбум 201 сая 598 мянган төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулсан байна. Тухайн аж ахуйн нэгжүүдийн 91.6 хувь нь 100 хүртэл сая төгрөгийн зээл, 8.4 хувь нь 100-гаас дээш сая төгрөгийн зээл хүссэн гэдгийг аймгийн ХХААГ-аас мэдээлэв.


Дээрх ирүүлсэн төслүүдийн  бичиг баримтыг шалгах ажил өнөөдрөөс эхэлж байна. Үүний дараа төслүүдийг уншиж үнэлгээ өгөх, ажлын хэсэг газар дээр нь очиж үнэлэх ажлуудыг хийх ба шалгарсан төслүүдийг Төсөл сонгон шалгаруулах дэд хороонд шилжүүлнэ. 


Ташрамд хэлэхэд, өнгөрсөн онд Баян-Өлгий аймгийн жижиг дунд үйлдвэр эрхэлдэг 4 аж ахуйн нэгжид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 340 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож байсан юм. 

Related news