БАЯН-ӨЛГИЙ: Майдарын сурын харвааг 6 дахь жилдээ зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-03-09 10:51:19

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Бурхан шашинтны төв Раашгэмпэллин хийдээс түүхэн уламжлалт Майдарын сурын харвааг XVII  жарны “Үзэсгэлэнт” болгогч хэмээх усан туулай жилийн хаврын тэргүүн сарын 15-ны билэгт сайн өдөр зохион байгууллаа.


Майдарын сурын харваанд нутгийн харваачид болон сүсэгтэн олон хүндэтгэл үзүүлж оролцдог уламжлалтай. Учир нь тухайн жилийн Майдарын сурын харваанд оролцсоноор “эрээн цоохор нумын эвшээлтээр элдэв муу бүхэн зайлан одож, сайн сайхан бүхэн дэлгэрдэг” хэмээн үздэг аж.


Сурын харвааны тэмцээнийг ахмад болон залуу үе гэсэн хоёр төрлөөр явуулав. Ахмад харваачдын бай шагналыг Баян-Өлгий аймгийн Хөгжлийн төлөө сангийн удирдах зөвлөлийн дарга П.Нямхүү хоёр дахь жилдээ ивээн тэтгэв. Залуу харваачдын тэргүүн байрын бай шагналыг Зэвсэгт хүчний 340 ангийн хошууч Б.Ууганбаатар, дэд байрын бай шагналыг Раашгэмпэллин хийдийн тэргүүн Г.Батхүү, гуравдугаар байрын бай шагналыг Зэвсэгт хүчний 340 ангийн ахлах ахлагч Д.Одгэрэл, дөрөвдүгээр байрын бай шагналыг С.Дагвасүрэн, тавдугаар байрын бай шагналыг “Аз долоон бурхан од” компанийн захирал Ц.Дашням, шагналт байрын шагналыг “Explore the Great Altai” компанийн захирал Б.Жаргалсайхан нар тус тус ивээн тэтгэж явуулсан байна.


Майдарын сурын ахмад харваачдын тэргүүн байрт Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул Ц. Дашням, дэд байрт тус аймгийн Буянт сумын уугуул Т.Лхам-Осор, гутгаар байрт Буянт сумын уугуул Ө.Баянбаатар, дөрөвдүгээр байрт Цэнгэл сумын уугуул Б.Батжаргал, тусгай байрт Өлгий сумын 3 дугаар багийн иргэн Г.Буянтогтох нар шалгарав.


Залуу харваачдын төрөлд Монгол Улсын Онч мэргэн, Батлан хамгаалахын их сургууль, “Turan World” компанийн харваач Н.Алтантулга тэргүүн байр, Раашгэмпэллин хийдийн харваач, аймгийн мэргэн, спортын мастер Н.Алтаншагай дэд байр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харваач, спортын мастер Х.Төрмандах гуравдугаар байр, аймгийн мэргэн, спортын мастер З.Нямсүрэн дөрөвдүгээр байр, спортын мастер Т.Ганцогт тавдугаар байр, аймгийн мэргэн, спортын мастер С.Саруул-Эрдэнэ, залуу харваач Б.Энхбаяр нар тусгай байрын шагналыг тус тус хүртлээ.


Ташрамд сануулахад, Баян-Өлгий аймгийн Бурхан шашинтны төв Раашгэмпэллин хийд нь нэг хэсэг сумын түвшинд явуулж байсан түүхэн уламжлалт Майдарын сурын харвааг 2017 оноос аймгийн хэмжээний томоохон үйл ажиллагаа болгон сэргээсэн бөгөөд энэ жил ийнхүү 6 дахь удаагаа зохион байгуулж байна. 





Related news