БАЯН-ӨЛГИЙ: XV-XVIII зууны үед хамаарах баатрын хуяг аймгийн Музейд хадгалагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Орон нутаг судлах музейд XV-XVIII зууны үед хамаарах баатрын хуяг хадгалагдаж байна.
Монголчууд эрт дээр үеэс дайн тулаанд бүхэл биеийг халхлах “Өвч хуяг”, эсвэл богино хантааз маягтай “Охор хуяг” хэмээх ерөнхийдөө хоёр төрлийн бүтэц хийцтэй хуяг хэрэглэдэг байсан. Тэдгээрийг хийсэн материалаар нь төмөрлөг буюу хатуу “Хөө хуяг”, “Ялтсан хуяг”, тусгайлан боловсруулж хатууруулсан арьс ширээр хийсэн зөөлөн буюу “Ширэн хуяг”, “Мяндсан хуяг” зэргээр ялган нэрлэдэг. Зөөлөн эдээр хийсэн хуягийн дотроос хамгийн түгээмэл байсан нь “Хатангуу дээл”. Энэ нь хуягласан монгол дээл маягийн хуягийн ерөнхий нэр аж.
Баян-Өлгий аймгийн музейд хадгалагдаж буй баатрын хуяг нь "хөө хуяг" юм. Он цагийн хувьд XV-XVIII зуун буюу Монголын улс төрийн төв эх нутагтаа буцаан төвлөрсөн үеэс Зүүн гарын хаант улс байгуулагдах үед холбогдох магадлалтай хэмээн судлаачид үзжээ. Төмөр гархи сүлжиж хийсэн энэхүү "хөө хуяг" нь 75 см өргөн, 85 см урт, 6200 грамм жинтэй. Тус аймгийн Улаанхус сумын нэгэн агуйгаас олдсон байна.
Түүхчид "хөө
хуяг"-ийг анх эртний кельтүүд бүтээсэн байх боломжтой хэмээн үздэг. Хамгийн
эртний хадгалагдан үлдсэн олдвор нь Карпатын сав газар буюу Словак Улсын Хорны
Ятов дахь булшнаас олдсон байна. Уг олдвор нь 3 дугаар зуунд харьяалагдах ажээ.