БАЯН-ӨЛГИЙ: "Алсын хараа-2050" болон Шинэ сэргэлтийн бодлогын уялдаа холбоог танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-02-28 14:59:56

Өлгий /МОНЦАМЭ/. "Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат Шинэ сэргэлтийн бодлого” сургалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академи, аймгийн ЗДТГ хамтран энэ сарын 26-28-нд Өлгий хотод зохион байгууллаа.


Тус сургалт нь "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого болон Шинэ сэргэлтийн бодлогын уялдаа холбоо, зорилго, зорилтыг төрийн албан хаагчдад сурталчлан таниулах, хэрхэн хэрэгжүүлэх, үр дүнг нь үнэлэх тухай мэдээлэл өгөх зорилготой аж.


Сургалтад аймаг, сумдын ЗДТГ, төрийн байгууллагын удирдлага, төрийн албан хаагч 300 гаруй хүн хамрагдлаа. Сургалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаяр "Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүний зорилго, зорилт хоорондын уялдаа", Удирдлагын академийн багш Ж.Жаргал "Засаглал, ногоон хөгжил, амар тайван, аюулгүй нийгмийн зорилго, зорилт, хоорондын уялдаа", Ё.Батсүх "Эдийн засаг, бүс, Орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хотын хөгжлийн зорилго, зорилт хоорондын уялдаа" сэдвээр тус тус мэдээлэл өгөв.



"Сургалтын үр дүн шууд гарч ирдэггүй, тодорхой хугацааны дараа гарна. Хамгийн түрүүнд шууд гарч ирэх үр дүн бол ойлголтоо нэгтгэх явдал юм. Бид төрийн бодлогын түвшинд нэг ойлголттой болох ёстой. Бүгдээрээ нэг зүгт харж байж л урагшаа явна. "Алсын хараа-2050" урт хугацааны бодлого дотор ажилгүйдэл, эрүүл мэнд, боловсрол, цахим засаглал, ногоон хөгжил зэрэг нийгмийн маш олон асуудлыг хөндсөн байгаа. Энэ асуудлууд улс төрөөс хамааралтай зүйл биш бөгөөд аль ч нам засагт гарсан ч үеийн үед байж байна. Иймээс тулгараад байгаа асуудлуудын гарц гаргалгааг нэгдмэл байдлаар яаж харах вэ, хамтдаа яаж урагшлах вэ гэдгийг энэхүү сургалтаар суулгаж өгч байгаа" гэдгийг Удирдлагын академийн багш Ё.Батсүх онцлов.


Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухаметийн өгсөн мэдээллээр, цаашид дээрх сургалтыг тус аймгийн 7000 орчим төрийн албан хаагчид үе шаттай зохион байгуулах ажээ.   

Related news