Эрүүгийн болон Зөрчлийн хуулиуд 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-08-30 20:33:54

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. 

Монгол Улсын Засгийн газраас Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэрэгжих хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөхөөр өргөн барьсан юм.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанаар асуудлуудыг хэлэлцэх үед гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах тухай Хууль зүйн байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин хуулиудыг эцэслэн баталлаа.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулж, хэрэгжих хугацааг 2017 оны 3 дугаар сарын 1 хүртэл сунгахаар тусгасан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хууль зүйн байнгын хорооноос мөн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гарсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнээр баталлаа. 

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news