Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 800 мянга гаруй иргэнээ хамрууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-01-06 14:12:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэр гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 дугаар тогтоолын дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулж ажиллаж байна.


Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг нь эмгэг шинж тэмдэггүй, өөрийгөө эрүүл гэж тооцдог хүн амд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийснээр эрсдэлт хүчин зүйл болон өвчин, эмгэгийг илрүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ юм.
Тус үйл ажиллагааг улс орон даяар хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулах ажлын хүрээнд 2020-2022 онд нийслэлийн таван дүүрэг, лавлагаа шатлалын хоёр эмнэлэг, 20 аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Эрүүл мэндийг дэмжих төв”-үүдийг байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмж, хүний нөөцийн сургалтыг Э
МЯ-наас зохион байгуулсан билээ.
2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээнд 800
мянга гаруй иргэн хамрагдсан.
Мөн алс
алсан сумд, цэргийн ангиуд, цэргийн албан хаагчдын ар гэр, төмөр замын зангилаа өртөөнд ажиллаж, амьдарч буй иргэдийг Эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамруулах зорилгоор УБТЗ-ийн Төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэгтэй хамтран хөдөлгөөнт оношилгооны үйлчилгээг үзүүлж байна.


Цэргийн төв эмнэлгийн хувьд эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон камаз маркын гурван автомашинаар иргэдэд бүрэн үзлэг, шинжилгээ, оношилгоог нийт 12 аймгийн 8000 гаруй насанд хүрсэн иргэдэд Эрт илрүүлгийн үзлэг оношилгоо, шинжилгээнд багтсан насны багцын үзлэгийг хийжээ. Тус эмнэлэг нийт зургаан удаагийн ээлжээр 126 хоног  22 эмч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй хөдөлгөөнт оношилгоог иргэдэд үзүүлсэн байна.
Үүнээс гадна УБТЗ-ын Төв эмнэлгийн “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны тусгай галт тэргээр шугам зам дагуу ажилладаг төмөр замчид болон долоон аймгийн орон нутгийн иргэдийг орчин үеийн төрөлжсөн эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд таван удаагийн аяллаар 23 эмч, мэргэжилтн
ий бүрэлдэхүүнтэй 1500 орчим иргэнийг эрт илрүүлэг үзлэг, оношилгоо шинжилгээнд хамруулжээ.
Хөдөлгөөнт оношилгооны төвүүд 2023 оны тавдугаар сар хүртэл төлөвлөгөө гарган ажиллаж байна.


Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд иргэдийг хамруулснаар хүний амь нас, амьдралын чанарт ноцтой хохирол учруулах, цаашид амьдралын чанарт ноцтой өөрчлөлт гаргаж болзошгүй өвчнийг эрт үед нь илрүүлж, улмаар үр дүнтэй эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх чухал ач холбогдолтой.
Тухайлбал, зүрх судасны өвчин, чихрийн шижин, сүрьеэ, сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, лабораторийн шинжилгээгээр биохими, цус болон шээсний ерөнхий шинжилгээ, өлөн үеийн глюкоз, өтгөнд далд цус илрүүлэх, ПАП сорил, гепатит В, С, тэмбүү, ХДХВ илрүүлэх хурдавчилсан сорил, багажийн шинжилгээгээр зүрхний цахилгаан бичлэг, улаан хоолой, ходоодны дуран, цээжний рентген шинжилгээ, хөх, хэвлийн, бамбайн хэт авиан шинжилгээ хийлгэж, эмчийн үзлэг, дүгнэлт, зөвлөгөөг авч байна.
Иргэд дараах зургаан насны бүлгийн багцын дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаж байна. Үүнд: 

5 хүртэлх насны багц

6-17 насны багц

18-30 насны багц

31-45 насны багц

46-60 насны багц

61-ээс дээш насны багц


17 хүртэлх насны хүүхэд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад хамрагдаж байгаа бол насанд хүрсэн иргэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн урилга, зохицуулалттай эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас сонгох байдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээний багцад хамрагдаж байгаа юм.
Насанд хүрэгчдийн хувьд 4 насны багцаар 11-17 төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаж байна.


Related news