АНУ-ын Конгрессын доод танхим батлан хамгаалах салбарын төсвийн төслийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-12-09 11:23:33

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим 10 дугаар сарын 1-нээс эхэлсэн 2023 оны санхүүгийн жилийн батлан хамгаалах салбарын төсвийн төслийг 858 тэрбум ам.доллароор баталлаа.


Доод танхимын хэвлэлийн албанаас мэдээлснээр, пүрэв гаргийн хуралдаанаар хэлэлцсэн уг баримт бичгийг 350 хууль тогтоогч дэмжиж, 80 нь эсэргүүцсэн байна. Төсвийн төслийг одоо Сенатын танхимаар хэлэлцүүлнэ. Хэрэв Конгрессын дээд танхим төслийг дэмжвэл Ерөнхийлөгч Жо Байденд гарын үсэг зуруулахаар хүргүүлнэ. 


Энэхүү төслийг өмнө нь Конгрессын хоёр танхимын холбогдох хороод хэлэлцэн баталсан юм. Уг төсөлд аюулгүй байдлыг хангах чиглэлээр Украинд тусламж үзүүлэхэд хамгийн багадаа 800 сая ам.доллар, ОХУ-ын эсрэг Европын тогтоон барих санаачилгад 6 тэрбум ам.доллар хуваарилахаар тусгажээ. Баримт бичигт мөн ОХУ-тай алттай холбоотой үйл ажиллагаанд хориг тавьж, цэргийн салбарт хамтран ажиллахыг хориглосон хугацааг таван жилээр сунгахаар тусгасан бол "ОХУ-тай пуужингийн довтолгооноос хамгаалах системтэй холбоотой мэдээлэл солилцоход тавьсан хоригийг байнгын болгожээ". Үүнээс гадна, Вашингтон "Хорийн бүлэг" болон олон улсын бусад  байгууллагын үйл ажиллагаанд ОХУ-ын төлөөлөгчдийг оролцуулахгүй байхыг зорьж байгааг дурдсан байна.


Түүнчлэн Ази, Номхон далайн бүс нутгийн батлан хамгаалах бодлогыг тогтоон барихад 11.5 тэрбум ам.доллар хуваарилахаар тусгажээ. Уг баримт бичигт мөн "Тайваньтай батлан хамгаалах салбарт хийж буй хамтын ажиллагааг Конгресс дэмжиж байгааг" болон 2024 онд Номхон далайд хийх “RIMPAC” тэнгисийн цэргийн сургуулилалтад Тайванийг оролцохыг урьсныг тэмдэглэжээ. Хууль тогтоогчид тус аралд зэвсэг, цэргийн тоног төхөөрөмж худалдах, цэргийн бэлтгэл сургалт болон бусад аюулгүй байдлын тусламж үзүүлэхэд зориулж таван жилийн хугацаанд 10 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна.


Ерөнхийдөө АНУ-ын хууль тогтоогчдын тохиролцсон төслийн хэмжээ энэ оны эхээр Цагаан ордноос хүссэн хэмжээнээс 45 тэрбум ам.доллароор илүү байна.


АНУ-ын батлан хамгаалах салбарын төсвийн хэмжээ 2022 онд 778 тэрбум ам.доллар байв. 

Related news