ОРХОН: Л.Уранцэцэг: Бүтээмж нэмэгдэхэд хандлага өөрчлөгддөг, хандлага өөрчлөгдөхөд амьдрал дээшилдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-28 17:10:50
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийт экспортын 10 хувийг дангаараа бүрдүүлж буй “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 6000 ажилтныхаа ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд ямар бодлого, чиглэл баримталж ажилладаг талаар тус үйлдвэрийн Бүтээмжийн мэргэжилтэн Л.Уранцэцэгтэй ярилцлаа


Тэрээр худалдааны нябо, хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Мөн Азийн бүтээмжийн байгууллагын баталгаажсан бүтээмжийн мэргэжилтэн. Эрдэнэт үйлдвэрт 25 дахь жилдээ ажиллаж байна.


-Монгол хүний ажлын бүтээмжийг хөгжингүй орны иргэнтэй харьцуулахад 25 хувиар бага байдаг тухай судалгаа байдаг юм билээ. Тэгэхээр нэг ажилтны бүтээмж улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлдгийг дүгнэж болох юм. Танай үйлдвэр ажилтнуудынхаа бүтээмжийг дээшлүүлэхэд ямар бодлого баримталж ажилладаг вэ?

-Юуны өмнө Эрдэнэт үйлдвэрт бүтээмжийн хөдөлгөөн хэрхэн өрнөсөн түүхээс ярилцлагаа эхэлье. Монгол Улсад 1992 онд Үндэсний бүтээмжийн хөгжлийн төв байгуулснаас хойш л бүтээмжийн тухай ярьж эхэлсэн. Эрдэнэт үйлдвэр 2003 онд КТМС буюу одоогийн ШУТИС-тай хамтран төсөл хэрэгжүүлж бүтээмжийн хэмжилт, шинжилгээ хийсэн. Шинжилгээний дүнд ажиллах хүчинд чиглэсэн дараагийн төсөл буюу 2005 онд Баяжуулах үйлдвэрт Бүтээмжийг дээшлүүлэх Эрдэнэт хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн

2012 оноос бүх цехэд хэрэгжиж, 2014 онд Инновацын төв байгуулж, 2015 онд “Бүтээмж, инновацын тогтолцоо”-г бий болсон гэж тодорхойлон, үйлдвэрийн хэмжээнд үүнтэй холбоотой цогц дүрэм, журмуудыг гаргасан.

Бүтээмж гэдэг ойлголт нь хамгийн энгийнээр гарц буюу тухайн үйл ажиллагааны эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээ түүнийг бий болгоход хэрэглэгдэж буй бүх орц буюу бүх нөөцийн зардлаас давахыг л хэлж байгаа юм. Харин инновац нь тэр бүтээмжийг нэмэгдүүлэх нэг тулгуур арга хэрэгсэл юм. Инновац нь илүү шинэлэг шийдлийг, шинэлэг өөрчлөлт, үнэ цэнийг шаарддаг. Мэдээж шинэ санаа төрж, түүнийг хөгжүүлж, бойжуулж байж инновац болгох боломжтой. Эрдэнэт үйлдвэрийн хувьд ажилтнуудын шинэ санаа, санал санаачилга гаргах механизм нь бүрдэж, ажилтнууд өргөн хүрээнд оролцдог болсон, тэр нь үйлдвэрлэл, эдийн засаг, нийгмийн үр дүнгүүдийг бий болгож ирсэн учраас БҮТЭЭМЖ, ИННОВАЦЫН ТОГТОЛЦОО бүрдэж эхэлсэн гэж тодорхойлсон хэрэг.

Эрдэнэт үйлдвэр Бүтээмж, инновацын тогтолцоог бүрдүүлснээрээ үйлдвэрийн гарцын бүтээмжийг дээшлүүлэхэд хүн бүр оролцох үүрэгтэйг, нөгөө талаасаа хэн илүү санаачилгатай ажиллана тэр хүнд олон боломж нээлттэй болдгийг үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгосон.

Бүтээмжийн хөдөлгөөн гэж нэрлэгдэн Эрдэнэт үйлдвэр төдийгүй, Монгол Улсын олон аж ахуйн нэгж, байгууллагад хэрэгжиж байгаа бүтээмжийг дээшлүүлэх энэ чиг хандлага нь хүн бүр бүтээлчээр сэтгэж байж хувь хүн, байгууллага, цаашлаад улс орны хөгжил дэвшилд түлхэц үзүүлэх юм. 


Хувь хүний аливааг өөрчлөн сайжруулах хүсэл эрмэлзлэл, санаачилгатай байдал нь зөвхөн байгууллага гэлтгүй амьдралын чанарт нь нөлөөлж байдаг. Бүтээмжтэй байна гэдэг нь өчигдрөөс илүү өнөөдрийг бий болгох хүсэл эрмэлзэл, санал санаачилгад тулгуурлана. Иймд бүтээмж өндөртэй байх нь хувь хүн, байгууллага цаашлаад улс орны хөгжил дэвшлийг харуулж байгаа юм.   


-Сайн санал, санаачилга гаргаж үйлдвэрийн бүтээмжийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулсан ажилтнуудыг хэрхэн урамшуулдаг вэ?

-2015 оноос Инновац, бүтээмжийн тогтолцоог нэвтрүүлэхдээ манай үйлдвэр Оюуны өмчийн бодлоготой болсон. Энэ бодлогын дагуу 2 патент эзэмшиж байна. Одоогоор ашигтай загвар, бүтээлийн болон барааны тэмдэгтийн 10 гаруй эрхийн мэдүүлэг өгөөд байна. Ажилтан бүтээмжийг дээшлүүлэх санал, санаачилга гаргаж хэрэгжүүлэхдээ үйлдвэрийн тоног, төхөөрөмж ашиглаж байгаа тул тухайн шинэ санаачилга, инновацыг үйлдвэр эзэмшинэ гэсэн үг. Нөгөө талаас, ажилтны гаргасан бүтээмжийн санаачилгыг зөвхөн үйлдвэрлэлд ашиглаж байгаа учир нийгэм, эдийн засгийн үр ашиг нь үйлдвэрт бий болно. Тиймээс оюуны өмчийн болон барааны тэмдгийн эрхийг Эрдэнэт үйлдвэр эзэмшиж байгаа юм. Харин тэр оюуны өмчийн санааг анх дэвшүүлсэн, санаачилсан, хэрэгжилтэд оролцсон, удирдлагаар хангасан зэрэг оролцсон бүх ажилтан урамшуулал хүртэх эрхтэй. Үүнийг журмаар зохицуулсан байдаг.

Саналын хувьд ер нь санал бүр үнэтэй. Санаачилга бүрийг нь дэмжинэ. Дэвшүүлэгдсэн саналыг 100 хүртэл оноогоор үнэлж, зохих урамшууллыг олгоно. Инноватор цомын эздийг 100 сая төгрөгөөр урамшуулдаг. 2015 онд Баяжуулах үйлдвэр болон Засвар механикийн заводын ажилтнууд Грат 1400 насосны хатуу холболтыг уян болгосноор үйлдвэрт 2 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр ашиг авчирсан, 2018 онд Баяжуулах үйлдвэрийн инженерүүдийн Процессын схемийн шинэчлэл төсөл 6 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр ашиг бий болгосон амжилтаар Инноватор цом, 100 сая төгрөгийн эзэд болсон.


2015-2021 онд 52 мянган санал ирснээс 70 хувь нь хэрэгжсэн. Нийт саналын 30 хувь нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн байдаг.


Санал гэдэг бол аливаа зүйлийн сайжруулалт юм. Саналыг бид 4 ангиллаар ангилж, түүний дагуу урамшуулал олгодог. Тэгээд хэрэгжүүлбэл дахиад урамшуулна. Жишээ нь санал гаргасныхаа төлөө 1000-15000 төг, хэрэгжүүлбэл 15000-50000 төгрөг, тухайн санал нь эдийн засгийн үр ашиг авчирч, тэр нь баталгаажсан бол үр ашгийн 30% түүнээс дээш хэмжээний урамшуулал олгох жишээтэй. Яваандаа саналын энэ систем цалин, урамшуулал, албан тушаалын ахиц, төрийн одон медальд тодорхойлоход гол үндэслэл, шалтгааны нэг болно.


-Бүтээмж гэдэг бол байгууллагадаа эдийн засгийн үр ашиг, хувь хүндээ хөгжил, амьдралын чанарын өөрчлөлтийг бий болгож байгаа. Танай байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх гол аргачлал нь юу вэ ?

-Бүтээмжийг дээшлүүлэх арга замыг хоёр төрлөөр авч үзэж байна. Нэгд. Кайзений аргачлал, хоёрт Инновац юм. Инновац гэдэг нь барууны чиг хандлага буюу техник, технологийн хөгжил, дэвшилд чиглэсэн байдаг. Энэ нь технологидоо хөрөнгө оруулалт хийж богино хугацаад илүү их үр ашиг бий болгохыг хэлдэг. Харин Кайзенийх тасралтгүйгээр, хүн бүрийн оролцоотойгоор аливаа зүйлийг сайжруулахыг хэлдэг. Иймд Эрдэнэт үйлдвэр энэ хоёрыг зэрэгцүүлэн хэрэгжүүлж Бүтээмж, инновацын тогтолцоогоо бүрдүүлж байна.

Байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон арга хэрэгсэл байна. Өнөөдрийн байгууллагуудын хэрэгжүүлж буй Кайзений тодотголтой 5S, Чанарын дугуйлан, Саналын систем гэсэн аргууд үндсэн арга хэрэгслүүд юм. Эдгээр аргуудаар дамжуулаад гүйцэтгэл сайжрах ёстой, үйлдвэрлэл дээр байдаг алдагдлууд багасна.


-Зарим ажилтан бүтээмжээ дээшлүүлэх гэдгийг байгууллагад л ашигтай мэтээр хүлээж авдаг. Тиймдээ ч илүү ажил хийдэггүй байх. Та бүтээмжийн чиглэлээр олон жил ажилласны хувьд ямар дүгнэлт хэлэх вэ?

-Бүтээмж нь шууд болон шууд бусаар хүний сэтгэлгээнд нөлөөлж байдаг. Бүтээмж уг нь маш энгийн зүйлээс эхэлдэг. Ажлын байрны эмх цэгц  бүтээмжид хэрхэн нөлөөлдөг вэ гэхээр тухайн ажилтан хэрэгцээтэй зүйлээ хайхад 30 секунд зарцуулах ёстой. Энэ нь хүлээлтийн алдагдлыг бий болгохгүй. Өөрөөр хэлбэл, бүтээмж нь аливаа алдагдлыг багасгасан байх ёстой. Жишээ нь та ажлын багажаа байх ёстой газраа тавьсан бол түүнийгээ авахад 30 секунд зарцуулж дараагийн ажилдаа орох хэрэгтэй. Энд хэрэв багажаа авах гэж нэг минут зарцуулбал хүлээлтийн алдагдал бий болно. Энэ нь ажлын бүтээмж, үр ашигт нөлөөлж эхэлдэг. Тэгэхээр ажилтан бүтээмжийн аргачлалд сурснаар амьдралдаа тулгарч ирсэн бэрхшээлийг ч төвөггүй давж чаддаг. Энэ бол маш чухал чадвар гэж би боддог. Иймд манай үйлдвэр ажилтан бүр бүтээмжээ дээшлүүлэх боломжийг эрэлхийлж, бүтээмж, инновацыг бий болгоход хүн бүр оролцоосой гэж хүсдэг. Оролцож, хамтарч байж л илүү сайнаар хөгжих боломжтой юм.


Хувь хүн бүтээмжээ дээшлүүлснээр хөдөлмөрт хандах хандлага өөрчлөгдөж, хандлагыг дагаад амьдрал нь дээшилж, аз жаргалыг мэдэрч эхэлдэг. Иймд аз жаргалынхаа төлөө бүтээмжээ нэмэгдүүлээрэй гэж хэлье. 

-Ярилцсанд баярлалаа.

 

 

Related news