БАЯН-ӨЛГИЙ: "Руханият" сургуулийг орон нутгийн өмчит сургууль болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-09-30 19:38:07

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 736 дугаар захирамжаар тус аймгийн Цэнгэл суманд байрлалтай хувийн өмчийн "Руханият" сургуулийг орон нутгийн өмчид шилжүүлж, Цэнгэл сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль болгон өөрчлөн байгууллаа.


"Руханият" сургуулийг 2006 онд орон нутгийн иргэд хамтран үүсгэн байгуулсан. Нийтдээ 300 хүүхдийн хүчин чадалтай. Мөн хөдөө суманд үйл ажиллагаа явуулж ирсэн тус аймгийн ганц хувийн хэвшлийн сургууль гэдгээрээ онцлогтой.


Сургуулийн багш, ажилчид сургуулийг орон нутгийн өмчид шилжүүлэх хүсэлтийг сүүлийн 6 жилийн турш гаргасныг үүсгэн байгуулагчид нь зөвшөөрсөн байна. Улмаар уг асуудлыг БШУЯ-д уламжилсан ба салбарын сайд Л.Энх-Амгалан үүнийг нь дэмжжээ. Учир нь 2021 оны тооллогоор тус сумын хүн амын тоо 10195-д хүрч, жил бүр 1240 гаруй хүүхэд шинээр төрдөг байна. Үүнтэй холбоотой цаашид хэд хэдэн сургуулийн байрыг шинээр барих шаардлагатай аж.


Иймд БШУЯ-наас өгсөн чиглэлийн дагуу аймгийн ИТХ-ын 2022 оны ээлжит ІХ хуралдаанаар "Руханият" сургуулийг орон нутгийн өмчид шилжүүлэх шийдвэрийг гаргаад байсан юм.

Related news