Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-09-29 16:33:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас Төсвийн тухай хуулийн 8.4.5-д заасныг үндэслэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг УИХ-д өнөөдөр өргөн барилаа. 


Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын Засгийн газар ирэх 2023 оны төсвийн бодлогыг төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн төсвийг боловсруулснаа онцлов. Мөн төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлогыг төсвийн хэмнэлтийн бодлоготой хоршуулан хэрэгжүүлэхэд чиглэнэ гэж мэдэгдлээ. 


2023 онд шинээр хөрөнгө оруулалт хийхгүй, төрийн өмчийн томоохон газруудад шинээр хийх хөрөнгө оруулалтыг зогсоохоор төсөөлж, харин өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн бүх төслүүдээ ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 


Төрийн хэмнэлтийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлэхэд дорвитой анхаарсан гэж Сангийн сайд мэдэгдлээ. Мөн төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог бүтээмжтэй нь уялдуулна,  өрийн удирдлагын стратегийг оновчтой хэрэгжүүлэх, халамжаас хөдөлмөрт чиглүүлэх бодлогын хүрээнд нийгмийн хамгааллыг зорилтот бүлгүүдэд чиглэхээр тусгажээ. 


Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд дараах бодлогын ажлыг хэрэгжүүлэхээр тусгалаа.

-Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих төсвийн бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, инфляцыг жилийн эцэс гэхэд 10 хувиас ихгүй түвшинд хүргэх боломж бүрдэнэ. 

-Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу хөшөө дурсгал, угтах хаалга, дэд, орлогч, зөвлөх албан тушаалтнуудыг бууруулсан, автомашины хэрэглээг хязгаарласан зэрэгтэй холбогдуулан нийт нэг их наяд төгрөг хэмнэнэ. 

-2023 онд шинэ хөрөнгө оруулалт тусгахгүй, эхлүүлсэн төслүүдээ ашиглалтад оруулна. Ингэснээр он дамжсан төсвийн хөрөнгө оруулалт бүхий төслүүдийн 86% дуусна. 

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засгийн дагуул хот болох “Шинэ Зуунмод” хотын газар доорх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. 

-2023 онд гадаадын зээл, тусламжаар Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Төв цэвэрлэх байгууламж, Мянганы сорилтын сангийн Улаанбаатар хотын ундны цэвэр усны үйлдвэр, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр зэрэг томоохон төслүүд хэрэгжинэ.

-Нээлттэй компанийн хувьцааны ногдол ашгийн татварыг бууруулна. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг татвараас чөлөөлнө.

-Гарааны компаниудын орлогод ногдох албан татварыг байгуулагдсанаас хойш 5жилийн хугацаанд бүрэн чөлөөлнө.

-УБ хотын түгжрэлийг сааруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд шинэ автобусыг 2024 он хүртэл импортын гааль, НӨАТ-с чөлөөлнө.

-Төрийн  албан хаагчийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх,  хотоос орон нутагт шилжин суурьших явдлыг дэмжих зорилгоор орон нутгийн нэмэгдлийг хоёр дахин үүний 20 хүртэл хувийн нэмэгдэлд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс, үлдэх   80 хүртэл хувийн нэмэгдлийг орон нутаг шийдвэрлэх эрхийг олгоно. 

-Уул уурхайн компаниудаас өгдөг хандив, тусламжийг орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр болгоно.

-Орон нутагт ипотекийн хөнгөлөлттэй нөхцөл үйлчилнэ. 

-Ковид-19 цар тахлын хүнд үед Монгол Улсын 18 хүртэлх насны хүүхэд бүрт олгож ирсэн 100 мянган төгрөгийг бууруулахгүйгээр үргэлжлүүлэх, ингэхдээ өрхийн амьжиргааг харгалзан нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө  олгоно. 

-Эрүүл мэнд, боловсролын салбарт эхлүүлсэн төрийн үйлчилгээний чанар, гүйцэтгэл, хүрэх үр дүнд чиглэсэн төсвийн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлж, уг шинэчлэлийг бусад салбарт нэвтрүүлнэ.

Related news