БАЯН-ӨЛГИЙ: Академич А.Мекейн нэрэмжит олимпиадад тэргүүлсэн багийг 1,5 сая төгрөгөөр шагнана

ОРОН НУТАГТ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-09-28 11:32:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын багш, математикийн шинжлэх ухааны доктор, профессор, академич А.Мекейн нэрэмжит математикийн олимпиадыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.


Энэ жилийн VIII дахь удаагийн олимпиад ирэх сарын 21, 22-ны өдрүүдэд А.Мекей агсны нэрэмжит Өлгий сумын 6 дугаар сургуульд болох тов гарчээ.


Тус олимпиадад ерөнхий боловсролын сургуулийн математик, бага ангийн багш нар, 6-12 дугаар ангийн сурагчид оролцох юм. Гэхдээ аймгуудаас 2-оос ихгүй, Улаанбаатар хотын нэг сургуулиас нэг л баг оролцох боломжтой аж.

Зохион байгуулагчид олимпиадад тэргүүлсэн багийг 1,5 сая, 2 дугаар байрыг 1 сая, 3 дугаар байрт орсон багийг 800 мянган төгрөгөөр шагнахаа зарлаад байна.


Монгол Улсын Ардын багш, академич А.Мекейн нэрэмжит математикийн олимпиадыг өнгөрсөн жилийг хүртэл баруун бүсийн түвшинд зохион байгуулж ирсэн. Харин энэ жилээс нээлттэй олимпиад болгож байгаа ба цаашид олон улсын түвшинд зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Related news