Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Элчин сайд Майкл С.Клеческитэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-09-14 06:54:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.


Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлж, Монгол Улс төдийгүй Улаанбаатар хотын хөгжил дэвшилд цаг ямагт онцгой ач холбогдол өгч дэмжин ажилласанд талархал илэрхийлсэн юм.


АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески, "Хоёр улсын хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг нь Монгол Улсын Засгийн газар АНУ-ын МСК-тай байгуулсан хоёр дахь Компакт гэрээ юм. Саяхан шав тавих ёслол нь болсон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ариутгах татуургын сүлжээгээр цэвэрлэгдэн ирж, байгальд нийлүүлдэг байсан уснаас тодорхой хувийг дахин боловсруулж, дахин ашиглаж, тэр дундаа Улаанбаатар хотын Дулааны цахилгаан станцуудын техникийн усны зарим хэрэглээг хангах боломж бүрдэх юм" гэлээ.


Уулзалтын төгсгөлд Хотын дарга хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж, чухал хувь нэмэр оруулсан болохыг илэрхийлж, цаашдын үйл хэрэгт нь амжилт хүслээ.

Related news