ДУНДГОВЬ: “Хан дээж” ХХК, ХБНГУ-ын “PWA” групптэй санамж бичиг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-09-09 14:24:42
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 100 хувь байгалийн гаралтай малын шимт тэжээл, хөрсний бордоо,  эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Дундговь аймгийн “Хан дээж” ХХК, ХБНГУ-ын “PWA” групптэй хамтран ажиллахаар санамж бичиг байгуулжээ.

ХБНГУ-ын “PWA” групп нь хүний болон малын эрүүл мэндийг дэмжих байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэн Европын зах зээлд нийлүүлдэг компани юм. Тус группийн захирал ХАУФЕ Дундговь аймагт айлчлан, “Хан дээж” ХХК-ний захирал Ж.Баярхүүгийн хамт аймгийн Засаг дарга Ц.Мөнхбаттай уулзаж, тус аймагт байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй тус  компанитай хамтран ажиллахаар болсноо танилцуулж, санал солилцсон байна.  

“Хан дээж” ХХК бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлснээс хойш аймгийн болон Монгол Улсын зах зээлд танигдаж, олон хэрэглэгчтэй болсон. .

Тус үйлдвэрийн малын тэжээл, хөрсний бордоо, хурдан морины тэжээл, хүн амыг эрүүлжүүлэх дээрх  бүтээгдэхүүнүүдийн голлох түүхий эд нь тус аймгийн Цагаан-Овоогийн хүрэн нүүрс юм.

Энэхүү түүхий эд нь Монгол Улсын стандартад нийцсэн, 70 сая жилийн турш гуминжих процессын үр дүнд үүссэн, 85 хувийн агуулгатай леонардит, өөрөөр хэлбэл, хүрэн нүүрсний тунамал давхарга нь гумины хүчлээр хамгийн баялаг түүхий эд болох леонардитыг агуулдаг ажээ.




Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Дундговь аймагт үйлдвэрлэж буй шим тэжээлт бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар болсон “PWA” группийн захирал Hаufe болон тус группийн хамт олонд талархал илэрхийлээд, тус үйлдвэрлэлийг өргөжүүлэн олон улсын зах зээлд нийлүүлэх өндөр ашиг тустай бүтээгдэхүүн болгон хөгжүүлэхийг хүслээ. Мөн түүнийг аймгийн 80 жилийн ойн медалиар шагнаж, гарын бэлэг гардуулжээ.




Related news