Л.Хэ, Ж.Йеллен нар цахим хэлэлцээ хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-07-05 12:21:59

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ, АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен нар макро эдийн засгийн асуудлуудаар цахим хэлэлцээ хийсэн талаар хоёр тал албан ёсны мэдэгдэл гаргажээ.


Хятадын мэдэгдэлд хоёр орон макро эдийн засгийн бодлогоо уялдуулж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хадгалахын ач холбогдлыг цохон тэмдэглэсэн байна. Мөн АНУ-ын татвар, Хятадын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийн талаар дурдсан ч геополитикийн талаар дурдаагүй байжээ.


Харин АНУ-ын мэдэгдэлд хоёр орны хийгээд хилийн чанад дахь эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлын талаар ерөнхий хэлэлцүүлэг хийснийг онцлон тэмдэглэжээ. Үүнд Орос-Украины дайнаас үүдэн эдийн засгийн нөлөөллийн талаар дурдсан ч татвар, хоригийн талаар тэмдэглээгүй байна.


Цагаан ордон Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргааны үед Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг цуцалж магадгүй талаар Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдээд байгаа юм.


Хоёр талын мэдэгдэлд мягмар гаргийн хэлэлцээг “илэн далангүй” хэмээн тодорхойлсны зэрэгцээ талууд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсоныг онцолсон байна. 

Related news