Монгол Улс хүнсний 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодоос 100 хувь хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-20 10:21:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг боловсруулжээ.


Уг төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барьсныхаа дараа хэвлэлийн хурал хийж, тогтоолын төслийг заалт бүрээр нь уншиж танилцуулсан юм.


Монгол Улс хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлага үүссэн бөгөөд олон улсын нөхцөл байдал ч үүнд нөлөөлж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэвлэлийн хурлын эхэнд онцлов.


Монгол Улс нийт хүнснийхээ 50 орчим хувийг гадаадаас худалдан авч байна. Ноднин гэхэд л 1 тэрбум ам.доллартой тэнцэх хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан. Монгол Улс өнөөдрийн байдлаар мах, гурил, төмсөө дотоодоос 100 хувь хангаж байгаа бол гурилан бүтээгдэхүүний 33 хувь, хүнсний ногоо, сүүн бүтээгдэхүүний 40, өндөгний 50 хувь, загас будааг 100 хувь, тахианы мах, ургамлын тосны 90 орчим хувийг импортоор авч байна. Иймд хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоос 100 хувь хангах, экспортод гарах зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм. Дэлхий нийтэд геополитикийн асуудлаас үүдэн хүнсний хомсдол үүсэж болзошгүй гэдгийг олон улсын байгууллага гаргаж байгаа бөгөөд 2021 онд 53 орны 193 сая хүн ам хүнсний аюулгүй байдлын эрсдэлд орсон байна. Тиймээс ОХУ, БНХАУ хүнсний аюулгүй байдлаа хангах шийдвэр олноор гаргаж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга онцоллоо.


Энэ онд бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн 14 жилд байгаагүйгээр өссөн байна. Тодруулбал, газрын тосны үнэ 64 хувь, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ 43 хувиар өссөнөөс үр тарианы үнэ 56 хувиар өсжээ. Тиймээс НҮБ, ОУВС, Дэлхийн банк хамтарч улс орнуудыг хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарахыг уриалжээ. Монгол Улсын хувьд сүүлийн нэг жилийн хугацаанд инфляци 15 хувьд хүрч, хүнсний бүтээгдэхүүний үнэ 20 гаруй хувиар өссөн байна. Инфляцийн өсөлт нь хүнсний бүтээгдэхүүн болон шатахууны үнийн өсөлттэй шууд хамааралтай аж.


Ерөнхийлөгчийн санаачилсан тогтоолын төсөл нь 4 заалт, 51 дэд заалтэй аж. Тогтоолын төсөлд хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, татварын таатай орчин, санхүүжилтийн тогтолцоог бий болгох заалт тусгасан байна. Түүнчлэн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зохион байгуулалтын хүрээнд зарим нэг хүрээлэнг нэгтгэж, энэ чиглэлийн мэргэжлийн хүрээлэн бий болгох, хүний нөөц, үр сорт, мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, мал аж ахуй, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах асуудлыг мөн тусгажээ. Энэ хүрээнд итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадлыг нэмэх, дотоодод үйлдвэрлэсэн эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг урамшуулах тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан байна. Тогтоолын төслийн хавсралтад хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ирэх таван жилд 4 зорилт, 35 чиглэлээр 134 ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Ингэснээр нийт 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломж бүрдэх аж.


Тогтоолын төслийг Засгийн газар дэмжсэн байна. Уг тогтоолыг ирэх таван жилд бүрэн хэрэгжүүлэхэд 1.7 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсныг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэв.


Тогтоолын төслийг ирэх долоо хоногоос УИХ-ын байнгын хороод болон чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.

Related news